Тэвчээрт хязгаар бий, Ерөнхий сайд аа?

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Тэвчээрт хязгаар бий, Ерөнхий сайд аа?

Тэвчээрт хязгаар бий, Ерөнхий сайд аа?

Даншиг хийх болохоор мөнгөтэй,  эмнэлэг ашиглалтад оруулах болохоор мөнгөгүй болчихдог байж таарах уу, Ерөнхий сайд аа?.  

Түлэнхийн төвийн барилгыг барьж байгаа компаниуд Эрүүл мэндийн яамнаас санхүүжилт хүсээд гурван сар болжээ. Шийдэж өгөлгүй луу унжсанаас барилгыг ирэх есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах боломжгүй болчихоод байна.

Барилгын гүйцэтгэл 50, 30 хувьтай явж байна гэдгээ “Цаст констракшн”, “Нутгийн зам” компаниудын холбогдох хүмүүс хэлсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайд “Түлэнхийн төвийн барилгын ажил зогсоогүй, ирэх наймдугаар сарын 30-нд ашиглалтад орно. Барилга хөгжил төвийнхнөөс мэдээлэл авсан” гэдэг тайлбар хийсэн байх юм. Нүд үнэнч, чих худалч гэж үг бий. Барилга барьж байгаа компани илүү бодит тайлбар өгч таараа. Тэгээд ч 30, 50 хувийн гүйцэтгэлтэй яваа барилгыг сарын дотор багтаагаад ашиглалтад оруулчихна гэж санаанд буухгүй л байна. Хэрэв дутуу дулимаг гүйцэтгэлтэй барилга хүлээн авбал юу болдогыг Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл мартахааргүй сануулга өгсөн.

Одоо туяа аппаратын суурийг засаж чаддаг болов уу, яадаг бол. Хэдэн төгрөг зарцуулах шаардлагатай болох бол, Засгийн газар шийдэж өгөх үү. Чанарын шаардлага хангахгүй баригдсан барилгыг яах вэ гээд түмэн асуулт, буман гэмшил хөвөрч байна.

Гэтэл Эрүүл мэндийн сайд “Түлэнхийн төвийг яаралтай ашиглалтад оруулахаас аргагүй” гэжээ. Тийм л байсан юм бол бүтэн гурван сарын турш санхүүжилтийг нь шийдэж өгөхгүй, ажил хойшлуулах ямар шалтгаан байсан юм бэ.

Анхнаасаа барилгыг үнэгүй бариулна гэж л гэрээндээ зааж тусгаагүй юм бол санхүүжилтийг шийдэх ёстой. Барилгыг барихад блок, элс, шавар гээд  өдий төдий материал шаардана. Хүн түүнийг хийнэ. Адилхан л ар гэрээ тэжээх гээд өдөр, шөнөгүй зүтгэж байгаа хэдэн монгол барилгачид. Тэднээр барилгыг үнэгүй бариулах гээд байгаа юм уу?.

Тэгээд ч барилга барина гэдэг амь насаараа дэнчин тавьж байж шахуу хийдэг ажил.

Ерөнхий сайд аа, таны тэсвэр тэвчээрийг үнэхээр их гайхаж байна. Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Гурван сая ам.долларын үнэтэй туяа аппарат усанд автчихлаа. Засахад 3-4 сар шаардлагатай. Засагдах эсэх ч эргэлзээтэй. Засахад 300-400 мянган ам.доллар шаардлагатай” гэж Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжавыг ярихад Ерөнхий сайд дуугарсангүй. Хэрвээ би Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босож ирээд алгадчихна” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн. Үнэхээр ч шилээ дараалсан олон бүтэлгүй үйл явдал өрнөж байхад яагаад шийдвэртэй алхмууд хийгдэхгүй байна вэ. 

Хариуцлагагүйн зудаас үүдэлтэй энэ үйл явдлууд монголчуудын тэсвэр тэвчээрийг барж байна. 

Хавдар судлалын үндэсний төвийн туяа аппарат ажилладаг болбол илүү өндөр чанарын технологиор Монголд өмнө нь хийдэггүй байсан хорт хавдрын эмчилгээг хийх боломж бүрдэнэ.

Түлэнхийн төв цаг хугацаандаа ашиглалтад орвол илүү олон хүнд тусламж, эмчилгээ үзүүлэх бололцоотой болно. 

Таны хариуцлагүйн зудтай хийх тэмцэл хэзээ эхлэх вэ, энэ бүхний ард хүний амь нас яригдаж байна шүү дээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж