Хятадын вакцин үйлдвэрлэгч компанийн булхай илэрлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Хятадын вакцин үйлдвэрлэгч компанийн булхай илэрлээ

Хятадын вакцин үйлдвэрлэгч компанийн булхай илэрлээ

Хятадын томоохон вакцин үйлдвэрлэгч Чанчун хотын Чаншэнь  биотехнологийн компани үйлдвэрлэлийн стандарт алдан, чанаргүй вакцин үйлдвэрлэсэн нь өнгөрсөн долдугаар сарын 15-нд мөрдөн байцаалтын сорьцын шинжилгээгээр батлагдсан байна. Үүнд хүүхдэд хийдэг сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг вакцин болон галзуугийн эсрэг вакцин хамрагдсан бөгөөд зах зээлд нийлүүлэх гэж байсныг нь таслан зогсоожээ. Сахуу, татран, хөхүүл ханиадны вакциныг бага насны буюу 6 хүртэлх насны хүүхдэд хийдэг нь олон эхчүүдийн санааг зовоож байгаа юм.  

Энэ сарын 11-нд Хятадын хүнс, эмийн бодлого зохицуулах газраас тус компанид ажилладаг байсан хуучин ажилтнаас мэдээлэл авсны дагуу Чаншэнь үйлдвэрт очин шалгалтыг явуулсан байна.

Чанчун хотын Чаншэнь био технологийн компанийн гаргасан алдаа нэгээр дуусахгүй. Өнгөрсөн жил, 2017 онд сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг вакцинууд нь бүгд шаардлага хангаагүй ба 252,600 ширхэг вакциныг Хятадын зүүн хэсгийн Шандунь мужид өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвүүдэд худалдсан нь илэрч байсан.

Компани нь энэ асуудлыг шийдэхдээ 3.44 сая юанийн торгууль төлсөн нь мөн илэрсэн аж. Компани алдаа гаргаж, чанаргүй вакцин үйлдвэрлэснээ хүлээн зөвшөөрсөн ба үүнээс үүдэх үр дагаврын тухайд аюулгүй гэж мэдэгдсэн байна.

Одоогоор уг вакцинаас учирсан хохирол бүртгэгдээгүй ч энэ дуулианаас болж вакцин хийлгэсэн хүүхдүүдийн эцэг, эх маш их санаа зовж цахим ертөнцөд дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Цаашлаад Хятадын эрүүл мэндийн салбарт ч итгэх итгэл алдарч байгааг иргэд шүүмжилж байсан юм. Дотоодын сүлжээ болох Weibo, Wechat-д олон нийт эсэргүүцлийн давалгаа үүсгэж эхлээд байгаа аж.

БНХАУ-ын удирдагч Си Жиньпин энэ үед Африкийн орнуудаар айлчлал хийж байсан бөгөөд вакцины дуулианы тухай ‘хариуцлагагүй, цочирдом, ичгүүргүй хэрэг явдал’ хэмээн шүүмжилжээ. 

Хятадын ерөнхий сайд Ли Кэцян ард иргэдийн амь насанд аюул учруулсан вакцин үйлдвэрлэсэн, шаардлага хангаагүй вакцинаа нийлүүлсэн төрийн албан тушаалтнууд, компанийн удирдлагууд гэх мэт холбогдох этгээдүүдэд хатуу хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Одоогоор тус компанийн захирал Гао болон дөрвөн өндөр албан тушаалтанд эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Хариуцлага алдсан компанийн үйл ажиллагааг зогсоож, гаргасан вакцинаа эргүүлэн татаж, 34 сая юанийн торгууль төлөхийг шаардаад байна.

Харин Чаншэнь компани олон нийтээс уучлалт гуйж, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч маш их ичиж байгаагаа илэрхийлэн, эмийн зохицуулагчидтай хамтарч үйлдвэрийн цогц дотоод шинжилгээ явуулна гэжээ.

Чаншэнь био технологийн компани нь Хятадын зүүн хойд хэсэгт орших Чанчун хотод үйлдвэр нь байрладаг байна. Тус био технологийн компани нь нийт 6 төрлийн вакцин үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. 2017 оны тайлангаар галзуу болон салхин цэцгийн эсрэг вакцин үйлдвэрлэлээрээ Хятадад хоёрт ордог том компани юм. 2017 оны компанийн нийт орлого 1.55 тэрбум юан /173.8 сая доллар/ хүрсэн байна. Вакцины дуулиан хүчээ авсны дараа Чаншэнь компанийн хувьцаа даруй 10 хувиар буурсан аж.  

Төрийн өмчит эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Changchun High & New Tech Industry-ийн охин компани юм. Тус компанийн захирал Гао Жунфанг нь тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчийн нэг юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж