БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллана

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллана

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газар (ЗЗЗЕГ)-ын дэд сайд Цинь И Зи, Итгэмжлэл, баталгаажуулалтын товчооны дэд дарга Лю Вей Жүн, ЗЗЗЕГ-ын Хэмжил зүйн албаны дэд дарга Дү Юүэ Жүн болон албаны бусад төлөөлөгчдийг 2018 оны 7-р сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын газар (State Administration for Market Regulation) нь гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийг бүртгэж, итгэмжлэл, баталгаажуулалт олгох, аж үйлдвэр, хүнсний бараа бүтээгдэхүүний чанарын хяналт, Монополын эсрэг зохицуулалтыг хэрэгжүүлдэг Засгийн газрын тохируулагч агентлаг. Тус газрын Дэд сайд Цинь И Зи 2018 оны 7 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа айлчилж байгаа аж.

Уулзалтын үеэр Дэд сайд Цинь И Зи хэлэхдээ “Манай хоёр орон стандарт, итгэмжлэл, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн чиглэлээр хамтран ажилласаар ирсэн. Тиймээс хамтын ажиллагааны төлөвлөгөөг улам тодорхой болгох ялангуяа хэмжил зүйн чиглэлээр техникийн түвшин дээшлүүлэхэд хамтран ажиллах саналтай байна” гэсэн бөгөөд Стандарт, хэмжил зүйн газраас гаргасан саналуудыг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь БНХАУ-ын Стандартын байгууллага (SAC), Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоо (CNCA), Хятадын үндэсний итгэмжлэлийн тогтолцоо (CNAS), Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зуран баталгаажуулсан. Энэ хүрээнд төлөвлөсөн ажлуудаа улам өргөжүүлэх цаашлаад 3-5 жилийн төлөвлөгөө боловсруулах зорилготой уулзалт болсон юм.

Стандарт, хэмжил зүйн газар ирэх онуудад хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байгаа юм.

  • Хэмжил зүйн чиглэлээр хэмжлийн эталон (стандартчилсан загвар) эсвэл шалгалт тохируулгын технологийн хамтарсан судалгаа хийх мэргэжилтэн солилцох, хоёр талт харьцуулалт хийх, мэргэжлийн сургалтаар хангах, техникийн туслалцаа үйлчилгээгээр хангах, мэдлэг солилцох семинар хамтран зохион байгуулах
  • Стандартын чиглэлээр хоёр орны бараа бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлсон олон улсын стандартыг шинээр боловсруулах
  • Мэдээллийн нэгдсэн сүлжээнд Стандартын  мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвийн техникийн шинэчлэл хийх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх төслийг судлах
  • Итгэмжлэл, баталгаажуулалтын чиглэлээр стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагын тогтолцоог тогтоосон баримт бичгийн мэдээллийг харилцан солилцох
  • Заавал баталгаажуулах бүтээгдэхүүнд сорилт, баталгаажуулалт хийх томилогдсон лаборатори, баталгаажуулалтын байгууллагын мэдээлэл, холбогдох эрх зүйн баримт бичиг, заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний жагсаалт буюу каталоги, тохирлын үнэлгээний үр дүнг илэрхийлэх гэрчилгээ, тэмдгийн мэдээллийг талууд харилцан солилцох;
  • Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний баталгаажуулалтын схем, тухайн төрлийн баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үйл явцын журам /хилээр оруулахад тавих шаардлагын мэдээлэл/ солилцох;
  • Тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сонгож худалдааг хөнгөвчлөх;
  • “Нэг бүс нэг зам” ба “Талын зам” хөтөлбөрийт хэрэгжүүлэхэд талууд идэвхтэй оролцох
  • Харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх ур чадварын сорилтыг хамтран зохион байгуулах;

Мэргэжилтнүүдийг сургах, итгэмжлэлийн үнэлгээ болон баталгаажуулалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулах.

Эх сурвалж: Стандарт, хэмжил зүйн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж