Д.Зоригт: Тавантолгойн төслийг ҮАБЗ-д оруулна

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Тавантолгойн төслийг ҮАБЗ-д оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Тавантолгой ордыг хэрхэн ашиглах талаарх бодлогын баримт бичгийг авч хэлэлцлээ.  Эдийн засгийн ач холбогдлоороо Оюутолгойн ордоос ч өндөрт тооцогдож байгаа энэхүү ордыг  Монголын төр 100 хувь эзэмшинэ,   одоогоор гадаадын 10 гаруй компани хамтран ашиглах саналаа ирүүлээд буй. Иймд бид Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос дараах тодруулгыг хийлээ.

-Хуралдаанаас Тавантолгойн ордыг ашиглах талаар ямар шийдвэр гаргасан бэ. Сонгон шалгаруулалтыг хийлээ гэж ойлгож болох уу?

-Сонгон шалгаруулалт гэхээсээ илүү Тавантолгойн үзэл баримтлалыг түлхүү ярилаа. Ерөнхий сайд энэ асуудалтай холбогдуулж чиглэл бас өглөө. Үзэл баримтлалаа эцэслээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж, улмаар гэрээгээ УИХ-д өргөн баръя гэдэг шийдвэр гаргалаа. Дахин хэлэхэд Тавантолгойн ордыг Монголын төр 100 хувь эзэмшинэ. Гэрээний дагуу оператор, маркетинг хийх борлуулалтын эрхийг авах компанийг авч ажиллуулна. Олборлолтоо мөн тэр компани хийнэ, хөрөнгө оруулалтыг хийнэ. Дээрээс нь Тавантолгойн орд дээр үндэсний компаниудын оролцоог хангана. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих үүднээс тодорхой заалт оруулсан гэрээг танилцуулаад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болж байна.

-Хэдийд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах юм?

-Ирэх долоо хоногоос баримт бичгээ өгнө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэзээ хуралдаж, яаж шийдэхээ мэднэ.

-Тавантолгойг ашиглах компаниудыг сонгон шалгаруулна гэж дуулдсан. Энэ тухай тодруулбал?

-Сонгон шалгаруулах журамд гадаадын болоод үндэсний компаниуд оролцоно. Тэдгээрт тодорхой шалгуур тавьсан баримт бичгийг боловсруулсан байгаа.

-Яг ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Мэдээж хэрэг техникийн туршлагатай, олборлолтын туршлагатай, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, мөн урьд өмнө аваар осол гаргаж байсан эсэхийг нягталж үзнэ. Түүнчлэн байгаль орчны чиглэлээр ямаршуу үйл ажиллагаа явуулж байсан байна, орон нутгийнхаа харилцаан дээр онцгой анхаарал тавьсан уу, ямар түүхтэй компани байж вэ гээд.  Дээрээс нь үндэсний компаниудыг оролцуулах шалгуураа тавина. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг оролцуулах тал дээр шалгуур үзүүлэлтийг түлхүү тавина даа. Иймэрхүү л  шалгууртай баримт бичиг байгаа, үүнийг УИХ-аар хэлэлцэж эхлэхэд илүү дэлгэрэнгүй танилцуулах болно.

-Тавантолгойн ордыг ашиглах ажлын бэлтгэл хэдэн хувьтай явна гэж үзэж болох вэ?

-Эхэлж байгаа гэж ойлгож болно. Засгийн газраас баримт бичиг гаргалаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулна. Эргээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ., дараа нь УИХ-д өргөн бариад, тэгээд хэлэлцүүлнэ. УИХ-ын төвшинд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцсэн шиг нэлээн өргөн хүрээтэй нягталсан процесс явах байх.

 -Тавантолгойг хамтран ашиглах саналаа гадаадын 10 гаруй консерцим илэрхийлсэн. Үндэсний компаниудиас хэр олон компани саналаа ирүүлээд байгаа вэ?

-Сонгон шалгаруулалтын баримт бичиг гарсны дараа үндэсний компаниудын саналыг авах бололцоотой болно.

-Урьдчилгаа төлбөр Оюутолгойгоос их байх болно гэж мэдэгдээд байгаа. Барагцаагаар хэд байх бол?

-Оюутолгойгоос илүү. Илүү урьдчилгаа авах чиглэлээр ажиллана.

-Тодорхой тоо хэлж болохгүй юм уу?

-Тодорхой тоо хэлэх эрт байна, хэлэлцээр эхлээгүй байгаа учраас.
 
 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж