Долдугаар сарын эхээр японы баруун зүгийн мужуудаар хүчтэй аадар бороо орсны улмаас үер буусан нь гамшгийн хэмжээнд хүрсэн. Үерт Окаяама, Хирошима болон Эхиме мужууд хамгийн ихээр өртөж нөхөж баршгүй гарз хохирол амсчээ. Хүчтэй аадар борооны дараагаар Японд хэт халуун өдрүүд үргэлжилж, улмаар сайн дурын ажилчид болон цэргийн хүчнийхэн сэргээн засварлалтын ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болоод байгаа ажээ.
Тэгвэл Окаяама мужийн Курашики хотын Маби номын сан үерт автсаны улмаас 127 мянга гаруй ном усанд норж хаягдал болжээ.
“Номын сан яг л аварга угаалгын машинд орсон юм шиг болчихсон байсан. Би Мабичо дүүргийн он удаан жил хуримтлагдсан үнэт соёл уламжлалыг багтаасан номууд ийм байхыг хараад үнэхээр харамсаж байна” гэж 58 настай номын сангийн эрхлэгч Хироми Фүжи ярьжээ.
Номын санчид Маби номын санг сэргээн засварлахаар ажиллаж байгаа бөгөөд Курашики хотод байрлах бусад номын сангийн ажилчид сайн дураараа тусалж байгаа аж. Ихэнх номууд норж, хуудас нь урагдаж уншихын аргагүй болсон тул хаяхаар болсон байна.
Маби номын сан сурагчдын зуны амралтад зориулж олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ийнхүү талаар болов.
Г. Батмандах
Эх сурвалж: Asahi