ТАНИЛЦ: Залуус, гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөрүүд

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Залуус, гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөрүүд

ТАНИЛЦ: Залуус, гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөрүүд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2018.7.26/ мэдээлэл өглөө. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийг зөвхөн ХААН болон Төрийн банкаар дамжуулан олгоно

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-гаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж арилжааны банкаар дамжуулан жилийн 8.4 хувийн хүүтэй зээл олгодог. Гэвч зарим аймаг, суманд салбаргүй банкаар уг зээлийг олгож байсан нь хүртээмжтэй байж чаддаггүй аж. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны зүгээс энэ 2018 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн жижиг зээлийн эх үүсвэрийг аймаг болон суманд салбартай арилжааны банкаар тухайлбал, ХААН болон Төрийн банкаар дамжуулан олгохоор боллоо.

Таван сая төгрөгийн санхүүжилтийг хүүгүй олгоно

Ядуурал, ажилгүйдлийг бууруулахад Засгийн газрын үндсэн бодлого чиглэдэг. Энэ хүрээнд  өнгөрсөн 2017 онд зургаан хөтөлбөр баталсан байдаг. Эдгээрээс хоёр хөтөлбөрийг ирэх наймдугаар сараас эхлэн туршилтын журмаар хэрэгжүүлэхээр боллоо.

Ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах асуудал хүндрэлтэй байдаг. Энэ хүрээнд  ‘Гэрээт малчин гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих’, ‘Зохион байгуулалтай ажлын байрыг дэмжих’ зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.  ‘Зохион байгуулалтай ажлын байрыг дэмжих’ хөтөлбөрөөр нь их, дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн залуусын ур чадварт тохирсон ажлын байр бий болгохын тулд иргэд хөдөлмөрийн хоршоо байгуулахыг дэмжиж, шаардлагатай багаа санхүүжилтийг ХЭДС-гаас олгох аж. Энэ хүрээнд аж ахуй эрхлэгчид таван сая төгрөгийн санхүүжилтийг хүүгүй олгох юм байна. Мөн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг лизингээр олгох ажээ.

Мөн залуус нэгдэн хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо цэгцлэх, үерийн далан засах зэрэг ажил гүйцэтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж. Тэдний өдрийн цалин 10 мянган төгрөгөөс багагүй байх юм байна. Уг төсөлд зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлэх 400 орчим иргэн байнгын ажлын байртай, тогтмол орлоготой болох урьдчилсан тооцоотой байна. 

Гэр бүлийн хүнийг нь цалинжуулна

Хөдөлмөрийн насны иргэдийн 31 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Тиймээс мал аж ахуйг дагасан ажлын байр зайлшгүй шаардлагатай байдаг. ‘Гэрээт малчин гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих’ хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийн насыг 35-аар заагласан байсныг өөрчилж, 45 нас хүртэлх болгожээ. Ингэснээр төв суурин газар амьдарч буй 45 хүртэлх насны иргэн гэр бүлээрээ хөдөө гарч, мал маллах бол хөтөлбөрт хамрагдах боломжтой. Түүнчлэн дээрх иргэний нүүдлийн зардлыг ХЭДС-гаас олгох юм. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бол ХЭДС-гаас Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 100 хувь, гэрээт малчин, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг  50 хувь хөнгөлөхөөр боллоо.

Хөтөлбөр энэ жилээс эхлэн туршилт хэлбэрээр хэрэгжих бөгөөд 520 гаруй гэр бүлийг хамруулах юм байна. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэн харьяа Хөдөлмөр, халамжийн хэлтэст хандах боломжтой аж.

Мөн орон нутаг дахь Хөдөлмөр, халамжийн хэлтсүүд хөтөлбөрт хамрагдах иргэдийн судалгааг наймдугаар сард авах аж. Ингээд тэднийг сургалтад хамруулах бол дараа нь ажил олгогч малчдаас судалгаа авах ажээ. Ингэснээр сумын Засаг дарга, хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтан малчин, гэрээт малчин гэсэн дөрвөн тал гэрээ байгуулан ажиллаж нөхцөл бүрдэх юм байна.

Түүнчлэн гэр бүлээрээ ажиллах тул гэр бүлийн хүнд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс их цалин олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх шаардлага тавьж байгаа аж.   

Сонирхуулахад, Монголд, ядуу болон зорилтот бүлгийн 64100 иргэн байгаа аж.

Р.РЕНЧИНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж