Байтынханд байр өгөөч

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Байтынханд байр өгөөч

Монголын Бейсболын талбайн арын хогийн ургамлаар дүүрсэн жижигхэн хашаанд бороог үл хайхран хэсэг хүмүүс бай харваж байгаа харагдана. Шарилжаар дүүрсэн газарт заавал бэлтгэл хийхээс өөр аргагүй юм байлгүй. Уг нь манай сурын харваан талбай чанх урд нь байдагсан. Их л хичээнгүй, хоорондоо зөвлөн ярилцаад дахин дахин уйгагүй харвана. Энэ бол манай байт харваан зарим тамирчид бэлтгэлээ хийж байгаа төрх.

Монгол Улс анхны Паралимпийн алтан медалиа байт харваагаар 2008 оны “Бээжин”-гийн олимпоос гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Д.Баатаржав хүртсэнийг хүн бүр мэднэ. Тэгвэл 51 жилийн түүхтэй байт харвааныхан өнөөдрийг хүртэл тогтсон бэлтгэл сургуулилт хийх газаргүй явна. Ер нь байтынхан гэлтгүй ихэнх спортынхон тогтсон заал танхимгүй өдий хүрч, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын төлөө хүч хөдөлмөрөө зориулж байна.

Тамирчин хүн эрүүл саруул байж амжилтад хүрнэ. Гэтэл манай байт харваачид удаан хугацаанд хогийн ургамалтай газар бэлтгэл сургуулилт хийсээр “шарилжны харшил”-тай болжээ. Энэ нь ч амжилтад сөргөөр нөлөөлж байгаа нь гарцаагүй. Энэ харшлын хамгийн гол шинж тэмдгүүд нь найтаах, нүд загатнаж, нулимс гоожих, хамар битүүрэх зэрэг орно. Байтын тамирчин тэмцээн уралдаанд оролцоод сумаа татаж байтал найтааж, нулимс нь гоожвол юу болох вэ? Жигд амьсгалж байх ёстой хамар нь битүү байвал яах вэ? Юун амжилт түүнээсээ илүү хүнд байдалд орно биз дээ. Эсвэл гадаадын томоохон тэмцээнүүд шарилжгүй талбайд болно гэж найдах уу.  

Уг нь “Олимп хотхон” төслийн хүрээнд байтынханд Баянзүрх дүүргээс 200 метр газар өгч байгаад, 100 метр болгож багасгажээ. Өгсөн газар нь тааруулаад шинэ талбай бариад бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа зохион байгуулахаар төлөвлөсөн ч нийслэлийн Газрын алба өөр компанид барилга барих зөвшөөрөл өгснөөр сөөм ч газаргүй үлдэж. Өөр компанийн мэдэлд очсон хэдий ч өнгөрсөн хоёр жилийн турш Байт харваан холбоо БЗД-ийн газрын албан татварыг төлж иржээ. Энэ жилээс эхлэн нэгэнт хүнийх болсон газрын татварыг төлөөгүйн төлөө БЗД-ийн Шүүхэд хандсан байна. БЗД-ээс өгсөн газрыг нийслэлийн Газрын алба өөр компанид яагаад эзэмшүүлсэн юм бол гэж эрхгүй бодогдоно.

Байтынхны хувьд хотоос зайдуу бэлтгэл сургуулилт хийе гэхэд байт харваачдын залгамж халаа болсон залуус хичээллэх боломжгүй болно. Ийнхүү хотын зай чөлөөнд бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн уралдаан хэдий болтол орох ёстой вэ? 

Б.Ойнбилэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж