Хариуцлага, хариулт шаардсан өдрүүд …

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Хариуцлага, хариулт шаардсан өдрүүд …

Цөмийн хаягдлыг Монголд байршуулах тухай яриа дахин сөхөгдөж өнгөрөгч долоо хоногийн эхний өдөр үүнийг эсэргүүцэгчдийн жагсаалаар эхлэв. Монголд цөмийн хаягдлыг булшлах тухай мэдээлэл дахин гарснаас үүдэлтэй энэ жагсаалаар асуудал дахин сөхөгдөж байна. Оны эхнээс л сөхөгдсөн энэ асуудлын талаар “Ройтерс” агентлагийн Токио дахь сурвалжлагч өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байсан. Түүний мэдээллийг эргэн саная.

Япон болон АНУ хамтран Монгол Улсад цөмийн түлшний хаягдал байршуулах байгууламжийг бий болгохоор төлөвлөж байгааг мэдээлсэн тэрээр Японы өдөр тутмын “Майничи” сонин дээр гарсан мэдээллээс эх сурвалжаа авсан байсан. Японы худалдааны яамны төлөөлөл Японы өдөр тутмын сонинд албан ёсоор мэдэгдэхдээ, АНУ,Япон болон Монголын төлөөлөгчид энэ оны гуравдугаар сарын 11-д Японд болсон газар хөдлөлтийн өмнөхөн хийсэн уулзалтын үеэр энэ асуудлыг албан бус байдлаар ярилцсан гэж хариулж байжээ. Энэ хугацаанд Гадаад хэргийн сайд үүнийг үгүйсгэж, няцаасан боловч байн байн асуудал сөхөгдсөөр байгаа нь сэжиглэхүйц хардлагыг төрүүлж байна. Тиймээс ч энэ асуудалд цэг тавихаар Засгийн газрын хуралдаан дээр танхимын тэргүүн С.Батболд Цөмийн энергийн газрын даргыг энэ тухай тайлагнахыг үүрэгдсэн ч “том” толгойтой дарга ирсэнгүй. С.Батболд “Ажлаа хийж чадахгүй байгаа,  цөмийн хаягдлын талаар элдэв шуугиан гараад байхад мэргэжлийн байгууллагын хувьд тодорхой,  үнэн  зөв мэдээллийг олон нийтэд  тайлбарладаггүй, бодлого нь хэрэгжиж өгдөггүй, салбарын уялдаа холбоо байхгүй энэ байгууллагын удирдлагатай хатуу хариуцлага тооцох ёстой” гэдгээ ч хэлээд амжив. Хатуу хариуцлага тооцох гэдэгт чухам ямар шийтгэл оногдож буй нь хараахан тодорхойгүй байсан. Тодорхой зүйл гэвэл энэ долоо хоногийн Засгийн газрын хурлаар тус байгууллагын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болов.

Монголд цөмийн хаягдал булшилсан уу, булшлах уу?

Анх өндөр үнээр Монголд цөмийн хаягдал булшлах тухай яриа гарч байсан бол зарим судлаачдын хэлж буйгаар хэзээний булшилчихсан тухай яриа дэгдэв. Гэхдээ энэ нь баталгаажуулаагүй мэдээлэл бөгөөд шүүхийн хаалга татахдаа хүрчээ. Харин энэ талаар тодорхой, яг, таг хариулт өгөх ёстой Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат гэгч хэвлэлд тайлбар, тодруулга өгөх нь байтугай Засгийн газрын тэргүүндээ олдохгүй байгаа нь хачирхалтай. Хэрэвзээ олон нийтийн хардаад буй, Японы сонинд гарсанчлан цөмийн хаягдлыг байршуулах тухай яриа болсон бол хэзээ яригдсан байж болох вэ. Арай Японы Парламентын  төлөөлөгчийн танхимын  гишүүн, Төрийн Стратегийн Бодлогын Сайд  Коичиро  Гэнба Монголд айлчлах үеэр болсон юм биш биз. Тэрээр энэ оны нэгдүгээр сард Монголд айлчилсан гэдгийг санах хэрэгтэй. Тэрээр энэ айлчлалынхаа үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбаттай уулзсан байдаг. Харин яг юу ярьсан нь бас л тодорхойгүй. С.Энхбат дарга энэ талаар албан ёсоор хэлэх ёстой ч бас л таг чиг. Гэтэл хэзээний булшилсан гээд буй мэдээллээр бол, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат нар санаа сэдэж, О.Чулуунбат биечлэн Тайваньд очиж хэлэлцсэн гээд буй. Гэхдээ энэ нь баталгаагүй мэдээ. Энэ бүх асуултыг хариултад С.Энхбат ямар нэгэн дорвитой тайлбар өгөхгүй байгаа нь олны хардалтыг улам бататгах мэт асуудлыг улам газар авахуулах боллоо. Тиймээс л энэ байгууллагыг бүх зүйлд тодорхой хариулт өгч, ажлаа тайлагнатал энэ тухай яриа гарсаар л байх болно. Аливаа мэдээллийг шууд л үгүйсгэдэг төрийн албаныханд асуудалд бодитоор хандахыг энэ үйл явдал санууллаа. Том толгойтой даргад хатуу хариуцлага тооцох нь юу болохыг харах л үлдлээ.

Нийтээр нь орон сууцжуулах таатай мэдээ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн анхаарал татахуйц нэгэн асуудал нь эх орны хишгийг олгох журамд өөрчлөлт оруулах тухай байв. “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уг журамд орон сууц худалдаж авсан болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр төлөх, тооцоо хийх, баталгаажуулах, хишиг, хувийг нэг удаа бөөн дүнгээр бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх,  тооцоо хийх, баталгаажуулах талаар тусгасан байв. Гэвч энэ асуудлыг энэ долоо хоногт дахин хэлэлцэнэ. Анхаарал татахуйц гэдэг нь уг журмын төслөөр бол иргэд эх орны хишгийн нэг сая төгрөгөө орон сууц худалдаж авахдаа зарцуулах боломж. Гэхдээ энэ нь бас л тодорхойгүй байгаа юм. Нэг ам бүлийнхэн бүгдээрээ нийлж, орон сууцны урьдчилгаа болгон эх орны хишгээ өгч болох эсэхийг шийдээгүй байна. Хэрэвзээ тэгэх боломж бүрдвэл одоо үйлчилж буй банкны нөхцлөөр гэр хорооллын 6-7 ам бүлтэй өрхийн гишүүд орон сууцны урьдчилгаа мөнгийг эх орны хишгээсээ өгөх боломж бүрдэх юм. Ингэснээр орон сууцжуулах хөтөлбөр ч жинхэнэ утгаараа үр дүнтэй хэрэгжих боломжтой. Гэхдээ энэ их мөнгийг бүрэн шийдвэрлэх боломж манай улсад хомс. Урьдчилсан таамгаар бол уул, уурхайн томоохон ордуудаас орж ирэх мөнгө, олон улсын зээлийн тусламжтайгаар энэ журмыг хэрэгжүүлэх боломжтой аж. Гэхдээ нарийн судалгаа, тооцоог хэрхэн хийсэн ч тодорхойгүй. Үүнийг хийж чадвал сонгуулийн өмнө эрх баригчдад санал авчирах нэг том сурталчилгаа болох нь дамжиггүй. Эх орны хишгийг хэрхэн олгохыг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэх юм.

 

Хичээлийн шинэ жилийн өмнө…

Есдүгээр сарын 1 ойртож, хичээлийн бэлтгэл базаахаар эцэг, эхчүүд “Нарантуул” захын ачааллыг эрс ихэсгэлээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зүүн чиглэлийн зам эрс ачаалалтай болжээ. Дотооддоо гэхээсээ илүүтэй урд хөршөөсөө хичээлийн хэрэгсэл, сурагчдын хувцасыг базаадаг Монголд галт тэрэгний тасалбар ч олдохгүй байна. Наймаачид Хятад руу явах галт тэрэгний тасалбарыг хонон, өнжин дугаарлаж байж авч байна. Энэ хугацаанд дугаар авч 5000-10000 төгрөгөөр зардаг “бизнес” ч цэцэглээд амжжээ.

Сэтгүүлчид нэгдсэн эвлэлээ шинэчлэхээр хуралдав

1990 оноос хойш олон салбарт шинэчлэл болж, тэр хирээр өөрчлөгдсөн ч сэтгүүлчдийн эрх ашиг, тэдний төлөө ажиллах ёстой Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд өөрчлөлт огт хийгээгүй тухай бямба гаригт болсон сэтгүүлчдийн нэгдсэн хуралдааны үеэр хөндлөө. Энэ байгууллага сэтгүүлчдийн төлөө гэхээсээ илүүтэй эрх баригчдын гал хөл болж, тэдний ашиг сонирхлыг хамгаалдаг, өөрсдийг нь аялдан дагасан сэтгүүлчдийг л шагнаж, урамшуулдаг гэсэн тодотголыг хуралдаан ирсэн сэтгүүлчид хэлж байна. Гэтэл өнөөгийн нөхцөл сэтгүүлчид илүү цагаар ажилладаг ч хамгийн бага цалин авдаг, хэвлэлийн байгууллагуудад ажиллаж буй сэтгүүлчдийн эрх ашиг зөрчигдсөөр байгаа зэрэг нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажлаа хийж чадахгүй байгаагийн тод жишээ гэж сэтгүүчид үзэж байна. Энэ хурлын үеэр “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн IV их хуралд бэлтгэх, МСНЭ-ийг шинэчлэх зорилготой “Шинэ үе-шинэ сэтгэлгээ” нэртэй Түр хороо байгуулсан юм.  Энэхүү түр хороо ирэх арваннэгдүгээр сард болох “Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн  ээлжит Их хурал хүртэлх хугацаанд өнөөдрийн хурлаас гаргасан санал, санаачилгыг зангидаж ажиллах юм.

Ийнхүү амралт, зугаалгын байдалтай байсан нийгэм, төр засаг амь орж, ажил жигдэрч эхлэв. Өнгөрсөн долоо хоногийг цухас тоймловол нэг иймэрхүү…

Л.НАРАНТӨГС

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж