Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл өчигдөр /2018.7.25/ эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ‘Ньюс’ агентлагт олон асуулт ирж байна. Уг асуултын хариуг Нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаагаас тодрууллаа.
-“Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан болон хоёр настай хүүхдийг цахимаар бүртгүүлэх гэхээр тухайн хүүхдийн талаар ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байна” гэж олон хүн асууж байна. Энэ ямар учиртай вэ?
-Өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхэд цахимаар бүртгүүлэхэд ямар ч асуудал үүсэхгүй. Харин шинээр бүртгүүлж байгаа 3-5 настнуудад ийм тохиолдол гарч болно. Тухайлбал, шинээр элсэх гэж буй 3-5 настай хүүхэд болон харьяаллаа өөрчилсөн тохиолдолд шинэ харьяаллын дагуух цэцэрлэгт шилжилт хөдөлгөөн орж, 3-5 настай хүүхдийг шинээр элсүүлэхээр орон тоо зарлаагүй, “0” гэж байгаа тохиолдолд бүртгэл, элсэлт хийгдэх боломжгүй. Боловсролын нэгдсэн системд хоёр настай бүх хүүхдийн талаарх мэдээлэл орсон тул хоёр настай хүүхдийг бүртгүүлэхэд мөн ямар ч асуудал гарахгүй.
-“Харьяаллаа өөрчилсөн ч шинэ хаяг дээр биш, хуучин хаяг дээр бүртгэлтэйгээр мэдээлэл гарч ирж байна” гэсэн асуулт олон ирж байна. Энэ тохиолдолд яах вэ?
-Тухайн хүүхдийн харьяалал өөрчлөгдсөн талаарх мэдээллийг бид Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас авдаг. Тэндээс мэдээлэл ирж амжаагүй байж болох юм. Энэ байдал маргааш гэхэд хэвийн болно. Ийм зүйл байгаа бол 11-330844 дугаарын утсанд буюу нийслэлийн Мэдээлэл технологийн газарт мэдэгдэж болно.
Р.Ренчиндулам