Ерөнхийлөгч яг найм хоногийн зайтайгаар хоёр удаа ээлжит бус чуулганд яарууллаа. Түүнд ийм эрх хуулиар олгогдсон. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно”, мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”гэсэн байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн албан бичигт дурдсанаар, нэгдүгээрт ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болчихоод байхад УИХ-ын дарга үүргээ биелүүлэхгүй байгаа юм байна. Хоёрдугаарт, УИХ-ын даргын зөвлөл хуралдаад “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа тухайн чуулганы хуралдах өдрийн товыг тогтоохоор” шийдсэн нь хуульд нийцэхээргүй байна гэнэ ээ. Энэ бичигт олон хуулийн заалтыг дурдсан ч ямар хуулийн заалтад яагаад нийцэхгүй байгааг тодорхой дурдсангүй.
Хоёр удаа бичиг явуулсны учир нь чухамдаа 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана” гэж заасан учраас л тэр. Гэхдээ Ерөнхийлөгч хэдэн ч удаа ийм бичиг явуулсан энэ нь тодорхой хугацааны дотор шийдвэрлэх үүрэг хүлээхгүй мөн шууд хүлээн авахуйц шаардлага гэж үзэхгүй, зөвхөн зөвшилцөх л боломжтой гэсэн хариу холбогдох хуулийн заалтуудаас олдож байна. Ээлжит бус хуралдахгүй гэсэн хариу өгөөгүй. Харин ямар нөхцөлд, хэзээ вэ, ямар асуудал хэлэлцэх учраас вэ гэдэгт л асуудлын гол нь байгаа аж.
Хэрэв “60 тэрбумын” гэх хэргээс гадна улс орны амьдралд тулгамдсан, зайлшгүй хэлэлцэх асуудлууд байгаа бол ээлжит бус тун удахгүй хуралдах биз ээ. Харин зөвхөн удаа дараа хууль хяналтын байгууллагын дүгнэлт гарсан гэх энэ асуудлыг УИХ-аар “шүүх” гэж байгаа бол эхлээд Хууль зүйн байнгын хороо УИХ-аар хэлэлцэх үү, Нээлттэй сонсгол явуулах уу гэдгийг шийдвэрлэчихэд юу нь буруу байх вэ
Тэгээд ч энэ цаг үед УИХ-ын гишүүдийг цуглуулах байтугай ээлжит чуулганы үеэр гишүүдээ цуглуулж чадахгүй үе УИХ-ын өмнөх дарга нарт ч байсан л байх. Хэрэв гишүүдээ цуглуулж чадаагүй гэдэг нь дараагийн анги нь биш бол энэхүү утопи хүсэлт тийм ч нааштай үр дүнг авчрахгүйг Ерөнхийлөгч, түүний Тамгын газар тооцоолсон л баймаар юм.
УИХ-ын нэр бүхий, тоо бүхий гишүүдийн хувьд асуудал ойлгомжтой. Харин Ерөнхийлөгчид Ээлжит бус чуулган ямар ач холбогдолтой вэ. Хэрэв уг бичгийн хоёрдугаарт, гуравдугаарт, магадгүй эхэнд улс орны тулгамдсан асуудлыг үндэслэл болгосон бол өөр хэрэг. Энэ “ганцхан хэрэг”-ийг дурдсанаас харахад Ерөнхийлөгч маань УИХ-ын даргад боловсон шаардлага тавих буюу “шахалт үзүүлэх” болсны цаана Ерөнхийлөгчид маань түүнийг сонгогдоход хувь нэмэр оруулсан залуус, тухайлбал “бичлэг” ажиллагааг эхлүүлсэн Г.Доржзодов, түүнийг давалгаалуулж УИХ дотор асуудлыг хурцатгаж гишүүдийн гарын үсэг цуглуулсан Л.Оюун-Эрдэнэ нар дэмжлэг үзүүлэхийг “хүссэн” юм биш байгаа гэсэн хардлага төрж байна. Тэдний туслалцаа гол үүрэг гүйцэтгэж Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь хойш нэг жил өнгөрлөө. “Өртэй” Ерөнхийлөгчтэй бол хэцүүднэ шүү. Өөрөөр Ээлжит бусыг хуралдуулах ноцтой шалтгаан бий эсэхийг Ерөнхийлөгчийн бичгээс лав олж харсангүй. УИХ-ын даргатай, АТГ-тай зэрэг эсрэгцэх шалтгаан Ерөнхийлөгчид байж болох ч үүсэл гарвал нь юунд байна вэ гэдгийг мартаж болохгүй. Учир нь энэ хоёр байгууллагатай эсрэгцүүлж чадсан “шахалт” бол цаашид юунд ч хүргэж болох аюултай.