
Сэтгүүлч Грэм Уотс өөрсдийгөө өөрөөр хэлбэл эдийн засгийн сэтгүүлчдийг ийнхүү томьёолжээ. Тэрээр яг бидний өмнө өнөөдөр урган гараад байгаа асуудлуудыг “Сэтгүүл зүйн урланд тавтай морил” гэсэн гарын авлагатай өгүүлжээ. Хашир туршлагагүй залуухан сэтгүүлч нар компаниудын олон нийттэй харилцах албанаас ирүүлсэн үл ойлгогдом үг хэллэгтэй албан мэдээнд хэрхэн живдэг тухай, түүнээс яаж зайлсхийж болох тухай. Басхүү эдийн засгийн салбарыг ихэнх маань хамгийн уйтгартай гэж үздэг, үгүй дээ ло ирээдүйд бизнесмэн болох хүсэлдээ хөтлөгдөн энэ салбарыг сонгодог тухай өгүүлжээ. Үнэхээр ч Монголд өнөөдөр олонх нь эдийн засгийн сэтгүүлчийг олон ойлгомжгүй тоонд живсэн, модон хэлтэнгүүдийн хийдэг ажил гэж ойлгож байвал, уучлаарай гэж хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ тэдэнд биш, өөрсдийнхөө мэргэжлийг ийм “нэр хүндтэй” болгосон өөрсдөдөө зориулж хэлэх хэрэгтэй байх. Магадгүй бид өнөөдөр эдийн засгийн сэтгүүлч, үгүйдээ л наад зах нь эдийн засгийн мэдээллийн албанд харьяалагддаг сэтгүүлч гэж төвийлгөхөөсөө илүү эдийн засгийн наад захын ойлголтуудыг мэддэг, мэдэх гэж хичээн толь эргүүлж, мэргэжилтэнгүүдтэй уулзаж явдаг нь хэд билээ. Бурууд нүд хурц байдаг юм хойно, өнөөдөр ч гэсэн цэнхэр дэлгэцээр хэн нэгэн тультраа хэлтэн санхүү, эдийн засаг гэсэн үгнийхээ ч учрыг ойлгохгүй хольж хутган мэдэмхийрч байх юм бол нэг их гайхахгүй хэрэггүй л болов уу, харамсалтай нь.
Тэгвэл тэдэнд, магадгүй өдгөө цөөхөн ч гэсэн Монголд аль хэдийнэ бий болоод байгаа тоонд дуртай сэтгүүлчдэд зориулж ноён Грэм энэхүү гарын авлагаа гаргажээ. Сэтгүүлч хүн хамгийн түрүүнд ямар мэдээллийг хэнд яаж хүргэх ёстой талаар тэрээр энгийн туршлага дээрээ тулгуурлан хүүрнэжээ, ялангуяа дээр өгүүлсэн эдийн засгийн гэсэн тодотголтой сэтгүүлчдэд зориулан. Грэм 20 гаруй жил “Файнэншл таймс” сэтгүүлд ажилласан туршлагатай сэтгүүлч, бас зөвлөх багш. Тэрээр Монголд тав дахь удаагаа ирж байгаа. Хэдийгээр тийм олон удаа Монголд ирж байгаагүй мэт боловч түүнийг “Багш аа” гэж дуудах олон монгол сэтгүүлч байдаг. Хамгийн сүүлд л гэхэд тэрээр 20 гаруй сэтгүүлчдийн хамт өмнийн говь, яг одоо Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татаад байгаа Тавантолгойн орд газарт аялаад ирсэн. Зүгээр ч нэг аялаагүй нийслэлд ирснийхээ дараа сэтгүүлчдийн бичсэн материал дээр тулгуурлан сургалт зохион байгуулсан юм.
Харин Монголын сэтгүүлчдэд зориулан гаргасан “Эдийн засгийн сэтгүүлзүйн цахим гарын авлага”-ыг Хэвлэлийн хүрээлэн”-гээс Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эдийн засгийн сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд эх барин авчээ. Энэхүү электрон номыг эдийн засгийн сэтгүүлч, сэтгүүлзүйн багш, оюутан, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй болон эдийн засгийн асуудлаар бичих сонирхолтой хэн бүхэнд зориулан гаргасан байна.
Цахим номонд компани, банк, санхүү, худалдаа наймаа, засгийн газрын бодлого, газар тариалан, уул уурхай зэрэг арваад багц сэдвээр бичихэд анхаарах зүйлс, практик зөвлөмжийг багтаасны зэрэгцээ тухайн сэдэвтэй холбоотой ухагдахуун, нэр томъёог энгийнээр тайлбарлаж оруулсан байна. Цахим санд www.pressinst.org.mn хаягаар нэвтэрч болох аж.
"Ардын эрх" сонин
