Ажилгүйдэл үү, ажлын байрны эзэнгүйдэл үү?

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Ажилгүйдэл үү, ажлын байрны эзэнгүйдэл үү?

Нэгэн сургамжит өгүүллэг тодоос тод санагдах. Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв. “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ. Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа. Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж гасалжээ. Энэ өгүүллэгийн гол утга санаа ажил хийвэл сэтгэлээсээ гэх монголчуудын зүйр үгтэй ерөнхийдөө адилхан.

Монголд өнөөдөр 160 мянган хүн ажилгүй гэсэн судалгаа бий. Энэ судалгаа баттай биш байж болох ч Үндэсний статистикийн хорооноос гаргадаг сар бүрийн мэдээллээр ажилгүйдэл сараас сард нэмэгдсээр л. Тус хорооноос гаргасан өнгөрсөн долдугаар сарын судалгаанд аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажилгүй иргэдийн тоо 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1376 хүнээр буюу 3.5 хувиар өссөн байна. Ялангуяа Улаанбаатар, Ховд, Өвөрхангай, Завханд ажилгүйдэл их байгаа аж. Харин саяхан болсон Залуучуудын хөдөлмөр, мэдээллийн яармагаас гаргасан мэдээгээр 5000 гаруй ажлын байранд ажилчин авна гэсэн захилгаа өгсөн гэх. Эндээс харахад жингийн туухайны нэг талд ажилгүйдэл нэмэгдэж, нөгөө талд ажлын байр эзэнгүйдсээр. Ингэхэд, Монголд ажилгүйдэл их байна уу, эсвэл ажлын байрны эзэнгүйдэл их байна уу. Ажлын байр эзэнгүйдээд байгаа юм бол яагаад Монголд жилээс билд ажилгүйдэл нэмэгдээд байна вэ.

Дургүйд хүчгүй….

Монголчууд ажил хийх дургүй. Энэ талаар компанийн захирал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байнга гомдоллодог. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Хөдөлмөрийн бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газарт энэ жил  уул уурхай, барилгын салбараас ажлын байрны захиалга хамгийн олон ирсэн гэнэ. Тэдгээр ажлын байрны ихэнх нь барилгын туслах ажилчин, зөөгч бармен, харуул хамгаалалтын ажилчин авах захиалга байж. Тэгэхээр Монголд ажилгүйдэл газар авах бус харин Монгол Улс ажилчин ангийн хомсдолд орчихсон юм биш үү гэмээр. Телевиз радио, хэвлэл мэдээлийн хэрэгслээр “ажилд авна, цалин өндөр” гэсэн зар нэлээд цацагддаг. Тэгсэн хэрнээ ажилгүйдэл өсөөд л байдаг.

Хөдөлмөрийн биржийн мэргэжилтний хэлснээр барилгын компаниуд туслах ажилчин авах захиалга багагүй ирүүлдэг ч энэ ажилд орох хүмүүс байдаггүй гэнэ. Дээд боловсролтой монголчууд туслах ажил хийх дургүй, тиймээс л Монголын ажилгүйчүүдийн тоо жилээс жилд өсөөд байгаа хэрэг. Миний мэдэх  нэг айлын таван хүүхэд бүгд дээд мэргэжилтэй. Харамсалтай нь, нэгээс бусад нь бүгд ажилгүй. Ажилгүйдлийг дагаад ядуурал тэлдэг нь бичигдээгүй хууль. Гэсэн хэрнээ ядуус ажил хийх дургүй. Зах дээр гуйлга гуйгаад сууж байгаа эмэгтэйгээс яагаад ажил хийж болдоггүй юм бэ гэж асуухад “цагт баригдсан ажил хийх дургүй, дарга нарын дарамт их” хэмээн хээв нэгхэн хариулж байх жишээний. Ажилгүйдэл их үү, ажлын байрны эзэнгүйдэл нь их үү гэдэг нь ойлгомжгүй байгаа энэ нөхцөлд ажилчин ангийг бэлтгэхгүйгээр ажилгүйдлийг бууруулж чадахгүй нь дэг. Өнгөрсөн 2010 онд 34 мянган оюутан их, дээд сургууль төгссөн ч ердөө нийт төгсөгчийн 13900 нь ажилтай болсон судалгаа гарчээ. Ажилгүйдлийг ерөнхийдөө дөрөв ангилдаг гэнэ. Завсрын, бүтцийн, мөчлөгийн, улирлын гэж. Монгол Улсад завсрын ажилгүйдэл нэлээд түгээмэл байдаг юм байна.

Гээнэдээ ч бий, гоонодоо ч бий….

Төрөөс ажилгүй хүмүүсийг элдэв янзын тэтгэвэр тэтгэмж, хайр халамжид хамруулдаг нь иргэдийн ажил хийх сонирхлыг бууруулж байгааг хувийн хэвшлийнхэн шүүмжилдэг. Энэ шүүмжлэл бол үнэний ортой. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний долоон сард 56.2 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 478 хүн буюу 0.9 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 4.7 тэрбум төгрөг буюу 32.5 хувиар нэмэгдсэн байна. Янз бүрийн тэтгэлэг, тэтгэмжид хамрагдсан ажилгүй иргэдийн хувьд ажил хийхийг төдийлөн чухалчилдаггүй. Нөгөө талаар өнөөдөр олон нийт төрийн албанд орохыг хүсдэг нь нууц биш.  Төрийн албан хаагчид бага хүүтэй зээлээр байртай болох боломжтой, элдэв янзын тэтгэлэгт хамрагддаг болохоор ихэнх залуус болж өгвөл төрд шургалахыг хүсч буй. Аль болох биеэ зовоохгүй ажил хийж өндөр цалин авахыг мөрөөддөг нь өнөө цагийн залуусын нэг дутагдал. Цагаан гартай, цагаан цамцтангууд байхын тулд барилгынхан туслах ажилчин хийхийг тэд хүсэхгүй байгаа. Нөгөө талаас ажилгүйдэлд ажил олгогчид ч бас буруутай. Хөдөлмөрийн биржид хандаж  ажлын байрны шаардлага хэт өндөр байна гэсэн гомдол иргэдээс багагүй тавьдаг аж. Дор хаяж хоёроос дээш жил ажилласан байх, мөн 35-аас доош настай, хэлний мэдлэгтэй, царайлаг, өндөр, туранхай хэмээн мал зүслэх аятай нас зүсээр нь хавчдаг нь шаардлага тавьдаг нь худлаа биш. Тиймээс 40-өөс дээш насны эмэгтэйчүүд, 45-аас дээш насны эрчүүд ажилтай болоход багагүй бэрхшээл учирдаг аж. Өнөөдөр ажилгүйчүүдийн 40 хувийг 40-өөс дээш насныхан эзэлж байна. Тэд ажил хийе гэхээр ажил олгогчдод хөгшин хэмээн гологддог. Мөн хувийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэр бүр ажилд авдаггүй. Уг нь аж ахуй нэгж, байгууллагын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр боломжтой ажил, албан тушаалд авч ажиллуулахаас татгалзахыг хуулиар хориглочихсон байгаа. Харамсалтай нь энэ хууль амьдрал дээр хэрэгждэггүй. Миний мэдэхийн уул уурхайн компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан гэж сонсоогүй. Тэгэхээр гээнэдээ ч бий, гоонодоо ч бий гэгчээр ажилгүйдэл нэмэгдэж, ажлын байрны эзэнгүйдэл ихсэх нь аль аль талын буруу бололтой.

Авдаг, өгдөг цалин  хөлс ажилгүйдлийг тэлдэг үү

Танил эгч маань нэгэн жижигхэн зоогийн газар ажиллуулдаг. Тэнд нь нэг зөөгч, бэлтгэгч туслах тогооч, ахлах тогооч, үйлчлэгч гээд дөрөв таван  хүн ажилладаг. Тогоочдоо 400 мянга, зөөгчдөө 350 мянга, туслах тогоочдоо мөн 350 мянга, бэлтгэгчдээ 300 мянга,  үйлчлэгчдээ 200 мянга гээд нийтдээ нэг сая 600 мянган төгрөгийг сарын цалинд зарцуулдаг. Өдрийн хоол нь үнэгүй хэрнээ ажилчид нь цалин бага байна хэмээн байнга гомдолдог гэнэ. Хэрвээ өдрийн 3000 мянган төгрөгөөр хоол иднэ хэмээн тооцвол сард 90 мянган төгрөг хоолонд өгнө. Ийм боломжийг олгосоор байтал өндөр цалинтай өөр ажил хийнэ хэмээн ажлаасаа гардаг. Дараа нь ажил олдохгүй болохоор би ажилдаа ормоор байна хэмээн гуйвж гувшаад салдаггүй тухай өгүүлсэн.

Нөгөө нэг жишээ бол хөдөөнөөс ирсэн хамаатны дүү маань барилгын компанийн туслах ажилтан болов. Нэг сар, хоёр сар цалингүй ажилсан. Тэгээд л тэсэлгүй гарсан даа. Зарим барилгын компани “туслах ажилчин авна. Өдрийн цалин 20 мянган төгрөг” хэмээн өндөр цалин амалдаг хэрнээ өгч чаддаггүй. Тэгээд л нэг хоёр сар цалинг өгөхгүй гүрийлгэж байгаад ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүргэдэг. Энэ нь нэг ёсондоо хүний хөдөлмөр шимж буй хөөрхөн арга л даа. Бас нэг жишээ. Арван жилийн анд маань хөгширсөн хойноо уурхайн инженер болов. Нэгэн алтны уурхайд хөдөлмөр хамгааллын инженерийн ажилтай тэрбээр сарын 800 мянган төгрөгийн цалинтай. Гэтэл дарга нар нь ямар нэгэн шалтгаанаар цалинг нь байнга хасна. Тэгээд л удаан тэвчилгүй таван сар ажиллаад л ажлаасаа гарсан. Ядаж хөдөө, гэр бүлээсээ хол хэцүү байсан гэнэ лээ.  Уг нь тогтвортой боловсон хүчин гэдэг ажил олгогчийн хувьд үнэт капитал. Тогтвортой боловсон хүчин байна гэдэг ажилчны ажлынхаа местэнд эзлэх байр, суурь нэр хүндэд хэрэгтэй. Үндэсний статистикийн хорооноос 2011 оны нэгдүгээр улирлын байдлаар хийсэн цалингийн дундаж судалгаагаар улсын хэмжээнд дундаж цалин 395.8 мянган төгрөг болсныг тогтоосон. Салбаруудаас санхүүгийн зуулчлал, уул уурхайнхан цалингийн төвшнөөрөө тэргүүлж байна. Тодруулбал, санхүүгийн зуучлалын дундаж цалин 814.6 мянган төгрөг, уул уурхайн салбар 639.6 мянган төгрөгийн цалин авдаг ажээ. Харин барилга, хөдөө аж ахуй, жижиг худалдаа, зочид буудлынхан хамгийн бага цалин авдаг юм байна. Энэ салбарын ажилтнуудын дундаж цалин 154-203 мянган төгрөг байдаг аж. Түүнчлэн  нийгмийн даатгал, татварын дарамтаас болоод хувийн хэвшлийнхэн тэр бүр цалингаа нэмж чаддаггүй. Тэр нь ажилгүйдэлд нөлөөлдөг

Стастистик тоо ба “эрлийн зөрчил”

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн гаргадаг тайлангаар бол ажилгүйдэл жилээс жилд нэмэгдсээр. Хөдөлмөрийн биржид ирсэн ажлын байрны захиалга мөн адил жилээс жилд нэмэгдсээр. Ажлын байр олон байхад яагаад олон хүмүүс ажилгүй байна вэ. Эдийн засгийн бодлого ажилгүйдэлд хэрхэн нөлөөлөх вэ. 2010 оны Нобелийн эдийн засгийн шагналтнууд эдгээр асуултад хариулахад тус болох онол боловсруулжээ. Энэ онолыг ганцхан хөдөлмөрийн зах зээлд гэлтгүй бүхий л зах зээлд ашиглаж болох юм байна. Олон зах зээлд худалдагч, худалдан авагчид нэг нэгнээ даруй түргэн олдоггүй. Жишээ нь хоорондоо таарч тохирох ажил олгогч, ажил хайгч хоёр учрахад цаг хугацаа, хүч чармайлт шаардагдаг нь зах зээлд “эрлийн зөрчил” бий болгодог ажээ. “Эрлийн зөрчил" нь ажлын зах зээлийн хөшингө байдал нь өндөр ажлын цалин хүссэн хүмүүстэй зөрчилдсөнөөс үүсдэг гэнэ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар ажил хайж буй хүмүүсийн тоо 40.6 мянга. Харин сул ажлын байрны тоо 5000. Энэхүү тоо нь  Монголд  өдгөө “эрлийн зөрчил”-өөс бол ажилгүйдэл тэлсээр байгаагийн нэг илрэл юм.

Ж.Нямсүрэн

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж