Баянзүрх дүүрэг энэ онд 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэг энэ онд 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болно

Баянзүрх дүүрэг энэ онд 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болно

Баянзүрх дүүргийн 9-р хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж, шав тавьлаа.

Тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид шилжин үйл ажиллагаа явуулж эхлэх юм. Шав тавих ёслолд НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ли Ян Жюн  нар оролцлоо.

Д.Амарбаясгалан “Улаанбаатар хотод ялангуяа хүн ам ихээр суурьшсан хотын алслагдсан дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг, сургууль ус агаар мэт хэрэгтэй байдаг. Тиймээс хороонд Шархадны эцэс буюу Баянзүрх дүүргийн гэр хороолол орчмын хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх боломж нөхцлийг хангах үүднээс өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэгийг барих ажлыг эхлүүлээд байгаа” гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Түүнчлэн Шархад орчимд хүүхдийн эмнэлэгээс гадна сургуулийн асуудал ч хүндхэн байдаг. Тухайлбал энэ орчимд ганцхан сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Улаанбаатар хотын шинэ дэд төв байгуулах ажлын хүрээнд хоёр дахь томоохон сургуулийг барих шийдвэрийг гаргасан. Цаашлаад 180 хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулахаар төлөвлөсөн. Мөн Шархад орчимд спортын цогцолбор барихаар зураг төслийн ажлыг нь хийгээд явж байна” гэдгийг дуулгалаа. Мөн энэ үеэр дүүргийн иргэд, ажилчин албан хаагчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Баянзүрх дүүрэг нь 300 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг тооцогддог төдийгүй, Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй гэдгийг тус дүүргийн оршин суугчид хэлж байлаа. Энэхүү хүүхдийн эмнэлэг нь Энхтайван хөгжлийн сантай хамтран Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлд хийгдэж буй гурав дахь томоохон бүтээн байгуулалт аж.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж