Хавдар судлалын туяаны аппарат усанд автсанд Улсын комиссыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Хавдар судлалын туяаны аппарат усанд автсанд Улсын комиссыг буруутгав

Хавдар судлалын туяаны аппарат усанд автсанд Улсын комиссыг буруутгав

Хавдар судлалын үндэсний төвийн /ХСҮТ/ өргөтгөлийн шинэ байранд 2018 оны долдугаар сарын 10-ны 13.00 цагт орсон хүчтэй  борооны улмаас зоорийн давхарт ус нэвчиж туяа эмчилгээний аппаратын суурь усанд автсан юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2018.07.25/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллалаа. Тэрбээр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгөв.

-Туяа эмчилгээний аппарат усанд автаж ашиглах боломжгүй болсон гэж хэвлэлээр мэдээлж байна. Бодит байдалд ирээд ажиллахад ямар байна вэ?

 “Долоон сая еврогийн тоног төхөөрөмж бүхэлдээ эвдрээд ХСҮТ-ийн үйл ажиллагаа зогссон зүйл байхгүй. Тус тоног төхөөрөмжийн хувьд дийлэнх нь бүрэн бүтнээрээ усанд автаагүй байгааг та бүхэн харж байгаа биз. Нэг аппаратын суурийн доод хэсэг усанд автсан. Үүнд ямар гэмтэл гарсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоох ёстой.  Туяаны аппарат нь өөрөө цацраг туяа нэвтрүүлэхгүй байх орчинд байрлах ёстой. Тиймээс шинэ өргөтгөлийн барилгын подвалд байрлаж байжээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ХСҮТ-ийн туяа эмчилгээ зогссон гэсэн мэдээлэл мөн гараад байгаа. Тэгвэл эмчилгээ хэвийн үргэлжилж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайдын хувьд албан ёсоор мэдэгдэж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эмнэлгийн байгууллагын гадна талын тохижилтын ажлыг хийсэн. Харамсалтай нь, тус ажлыг хүлээн авах улсын комисс ажлаа дутуу хийснээс үүдэж ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын доод давхар усанд автахад хүрчээ. Өөрөөр хэлбэл, тус төвийн урд хэсэгт тавьсан автозамд ус зайлуулах хоолой хийгдээгүй. Үүнийг мэргэжлийн байгууллагаас анхаарч ажиллаагүй нь дээрх нөхцөл байдал үүсэхэд хүрсэн байна.

-Хариуцлагыг хаанаас нэхэх вэ. Хэнд хариуцлага тооцох ёстой вэ? 

-Миний бодол шүү. Эрүүл мэндийн байгууллагынхан мэргэжлийн хүмүүс биш учраас ХСҮТ-ийн урд замыг барихдаа суваг шуудуу хийгээгүйг анзаараагүй байх. Ус зайлуулах суваг шуудуугүй замыг хийж гүйцэтгэсэн  компани, ажлыг хүлээж авсан Нийслэлийн авто замын хөгжлийн газар хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт эмнэлгийн удирдлагууд яаралтай үед Эрүүл мэндийн яаманд шуурхай мэдээлэх үүрэгтэй. Тиймээс эмнэлгийн удирдлагуудад тодорхой хариуцлага хүлээлгэнэ гэсэн бодолтой байна.

Хохирлын хэмжээ баттай гараагүй

ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Хохирлын хэмжээг баттай гаргаагүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үерийн ус яагаад орсон бэ гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Аппаратыг задлаагүй байгаа учраас суурийн эвдэрсэн хэсгийг сольчихвол ямар нэг ноцтой гэмтэл байхгүй. Манай ажилчид тухайн өдөр 14.00 цагаас эхлэн оройн 22 цаг хүртэл усыг шавхсан. Тэрнээс хойш дахиад борооны ус орж ирээгүй” гэж мэдээллээ.

Мөн Мэргэжлийн хяналтын газрын ерөнхий газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд “Манайхаас ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Эхний үзлэгээ хийхэд зам талбай барилгын хийцээс болж ХСҮТ-ийн подвалын давхар усанд автсан гэх дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын гол зорилго нь тухайн барилга байгууламж нь үерт автахад ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ гэдэгт дүгнэлт гаргана. Байцаагчдын хэлснээр анхны үзлэг хийх явцад барилгын зураг төсөл алдаатай байх магадлал байна гэсэн зүйлийг ярьсан. Ирэх долоо хоногоос урьдчилсан дүгнэлт гарна” гэж ярилаа. 

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж