Түлэнхийн төвийн санхүүжилтийг шийдээд өгөөч, Сангийн сайд аа!

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Түлэнхийн төвийн санхүүжилтийг шийдээд өгөөч, Сангийн сайд аа!

Түлэнхийн төвийн санхүүжилтийг шийдээд өгөөч, Сангийн сайд аа!

Амь тэмцэн аврал эрэх өвчтөнөөр тасардаггүй Түлэнхийн төвийн барилгыг есдүгээр сарын 1-нд Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх ёстой ч гүйцэтгэгч компанийн төлөөлөл ингэж чадахгүй болсноо мэдэгдлээ. Мөн чухам хэзээ ашиглалтад орох нь ч тодорхойгүй байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн хаалгаар ороход л гар, хөл, биеийн аль нэг хэсгээ бинтээр ороосон, өвдөж, шаналсан балчир хүүхэд болон томчууд холхилдоно. Үргэлж ачаалал ихтэй байдаг энэ тасаг уг нь өөрийн байртай, бие даасан эмнэлэг байв.

Гэвч барилгын насжилт дууссаны улмаас айлын хаяа бараадаад долоон жил болжээ. Тухайлбал, 2012 оны тавдугаар сард Түлэнхийн төв нь ГССҮТ-ийн байранд шилжиж ирж байв. Гэвч ГССҮТ-ийн ачаалал дийлдэхгүй болсон тул хагас жил болоод түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү нүүлгэж, сарын 28 сая төгрөгийн түрээс төлж байв. Тус эмнэлгийн шаардлагаар жил гаруй болоод байрыг нь суллаж өгснөөр дахин ГССҮТ-д ирээд байгаа юм.

Байр хүрэлцээгүй тул өвчтөнөө хүлээн авч чадахгүй байна

ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Т.Бат-Эрдэнэ

ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Т.Бат-Эрдэнэ “Улсын хэмжээнд түлэгдэлт, нөхөн сэргээх эмчилгээ үзүүлдэг Түлэнхийн төв 80 ортойгоор гурван сая хүнд үйлчилж байна. Түлэгдэлтээс үүдэн татанхай болж, группт хамрагдаж байгаа маш олон хүн бий. Шинэ байртай болчихвол бидэнд чадварлаг боловсон хүчин байгаа тул энэ тоог бууруулах боломжтой. Манайд өдөрт 350 хүн хүлээн авч, шаардлагатай хэсгийг хэвтүүлэн эмчилдэг. Хагалгаа хийсэн хүнд дахин хагалгаа хийх шаардлага тулгардаг. Гэвч байр хүрэлцээгүйгээс тэднийг дахин хүлээн авч чадахгүй байна” гэлээ.

Тус тасгийн нэг өрөөнд 4-5, зарим өрөөнд 11 ор байх бөгөөд тэнд сахиуртайгаа нийлээд 10-20 гаруй хүн байдаг юм байна. Өвчтөнүүд ийм жижиг өрөөнд эмчлүүлэхэд амьсгал давхацдаг тухай ярьж байлаа. Тус тасагт түлэгдэлтээс гадна эрчимт эмчилгээний, хөлдөлт, осголттой хүн хүлээж авдаг.  Түүнчлэн тус тасгийн мэс заслын тасаг, асаргаа, эмчилгээний өрөө зэрэг бүх зүйл нь стандартын шаардлага хангадаггүй юм.

Тасгийн мэс заслын их эмч Г.Эрболд “Бохир орчинд байх нь шархны эдгэрлийг удаашруулдаг. Түлэгдсэн хүний дархлаа сулардаг. Агаарт байгаа нян тэдэнд давхар халдвар өгдөг. Бид түлэнхийн эмчилгээг төгс хийж чадах ч байрны хүрэлцээгүйгээс хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна. Түлэгдэлт эдгэдэггүй. Түлэгдэлтээс маш том сорви үлддэг. Тэр нь хүүхдэд маш том хар толбо болон үлддэг” гэж байлаа.

Сүүлийн гурван сарын гүйцэтгэлийн мөнгөө авч чадаагүй

Кувейтийн буцалтгүй тусламжаар өнгөрсөн жилийн тавдугаар сард санхүүжилтээс шалтгаалан олон жил дуншсан тус төвийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, буцалтгүй тусламжийн хүрээнд тус төвд найман сая ам.долларыг шийдвэрлэж, 6.8 саяыг нь барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн билээ. Түүнээс өмнө Засгийн газраас уг барилгад 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байсан юм.

Ингээд санхүүжилт шийдэгдсэн гэж үзээд гүйцэтгэгч компаниудтай 2018 оны есдүгээр сарын 1-нд барилгыг хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан. Гэвч энэ хэлцэлдээ хүрч чадахгүй бололтой.

Тус төвийн барилгыг барьж буй газар очлоо. Очиход барилгын ажил явагдаж байсан бөгөөд ажилчид нь “Манай талбайн инженер яриа өгнө. Инженер одоогоор энд алга. Хуралд суухаар төв оффис руу явсан” гэсэн хариу өгөв. Түлэнхийн төвийн барилгын ажлыг “Нутгийн зам” болон “Цаст констракшн” компани гүйцэтгэж байгаа юм. Ингээд тус компаниудын инженерүүдтэй утсаар холбогдлоо.

“Нутгийн зам” компанийн барилга хариуцсан захирал Б.Алтанцэцэг “Манай компанийн гүйцэтгэл 30 гаруй хувьтай явна. Гүйцэтгэлийн мөнгө орж ирээгүй тул барилгыг энэ намар ашиглалтад оруулж чадахгүй. Бид барилгыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахыг хичээн зээл авч, ажлаа хийж байсан. Одоо бидэнд үйл ажиллагааг үргэлжлүүлж гэрээнд заасны дагуу есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах ямар ч боломж алга. Сүүлийн гурван сарын гүйцэтгэлийн мөнгөө авч чадсангүй. Эрүүл мэндийн яамны зүгээс гүйцэтгэлийн мөнгөө бидэнд яагаад өгч чадахгүй байгааг мэдэхгүй байна. Барилгын газрын зарим хэсэг нь маргаантай байж байгаад шийдэгдсэн гэсэн. Гүйцэтгэлийн мөнгө ороод ирвэл бид ажлыг эрчимтэй хийх болно” гэлээ.

ЭМЯ Сангийн яам руу Түлэнхийн төвийн барилгын зардлыг явуулаагүй юм билээ

Харин “Цаст констракшн”-ы ерөнхий инженер А.Болдбаатар “Барилгын ажил 50 гаруй хувьтай явна. Эмнэлгийг есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулж чадахааргүй болсон. Учир нь, бидэнд одоог болтол гүйцэтгэлийн мөнгөө өгөөгүй байна. Манай компани тус төвийн E, D хэсэг болон газрын шугам сүлжээ, дэд өртөөний ажлыг гүйцэтгэх юм. Мөн морг хэсэг буюу G хэсэг өөр хүний нэр дээр байдаг гээд маргаантай байгаа. Энэ хэсгийн зураг төслийг нь ч гаргаагүй байгаа. Санхүүжилт яагаад орж ирэхгүй байгааг асуусан. Кувейтийн буцалтгүй тусламжаар санхүүжилтийг шийдсэн ч энэ онд Эрүүл мэндийн яам Сангийн яам руу төсвийн тодотгол явуулахдаа Түлэнхийн төвийн барилгын зардлыг тусгаагүй юм билээ. Ийм шалтгаанаар манай санхүүжилтийг оруулах боломжгүй гэсэн” гэлээ.

Энэ талаар ЭМ-ын сайд Д.Сарангэрэлээс тодруулахад ‘Түлэнхийн төвийн байр наймдугаар сарын 30-нд ашиглалтад орно. Санхүүжилтэд ямар ч асуудал байхгүй’ гэсэн тайлбар өглөө. 

 

 

ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн одоогийн байдал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж