Улсын баяр наадамд хүчит бөхийн барилдаанаар амжилт гаргасан бөхчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цолыг олгодог. Гоё барилдаж баясгасан гэж өгч байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгч “өгсөн цолоо буцааж авах эрхтэй” гэдэг заалт хуулинд нь бий. Уяачдын хувьд цолыг нь хурааж “айлгаж” үзлээ. Харин бөхийн цолыг хураах эсэхийг МҮБХ шийдэж буй нь хэрүүлийн алим болсон. Ерөнхийлөгч ийнхүү цолыг нь өгчихсөний дараа цэрэг, цагдаагийн байгууллага мөрдэст нь таван хошуу нэмж цол өгдөг гажуудал эхэндээ мөн л цэнгүүлж байсан ч ихдээд зэвүүцүүлж эхэллээ.
Уг нь бөхийн биш цэрэг, цагдаагийн цол авч байгаа бөхийн буруу байхгүй. Тэд чинь өөр цолны төлөө барилдсан байхгүй юу. Түүнээс биш дэд хурандаа, хурандаа, генерал цолны төлөө барилдана гэж юу байхав. Өнөө жилийн наадамд түрүүлсэн Н.Батсуурьт улсын аварга цол нь л гоё болохоос даргынх нь өгсөн дэд хурандаа цолыг “өөр ажил хийж” авах ёстой.. Өөрөөр хэлбэл, ОБЕГ-т ажилладаг учраас авч байгаа бол “онцгой гавьяа” байгуулж л мөрдэсээ мялаалгах учиртай гэдгээ сайн мэдэж байгаа. Энэ цолыг хүртсэнийхээ төлөө 24 цагийн дотор их ч “баалууллаа”. Гэхдээ “авахгүй” гэж хэлж “салхи хагалж” бас зүрхлээгүй биз. Наанадаж л авах цалингийнх нь нэмэгдлийг тооцоод “Дэд хурандаагийн цолны цалин буюу нэмэгдэл нь үндсэн цалингийн 34 хувь шүү дээ” гэж зэмлүүлэн шагнуулах гоё гэж үү. Гэвч үүнийг Н.Батсуурь аварга хүсээгүй л байлгүй дээ. Аварга цолны төлөө л барилдаж авах ёстой цолоо гуйж биш гуядаж авсан нь олны талархал хүлээсэн, боллоо.
Өнгөрсөн жил ч мөн адил, улсын наадамд түрүүлж арслан цол хүртсэн Ц.Содномдоржийг ШШГЕГ-аас “Хорих 405 дугаар ангийн тамирчин” гэж дуудаад л “дэд хурандаа” цолоор шагнасан. Дагуулаад “Сүлд” биеийн тамир, спортын хорооны даргаас эхлээд дасгалжуулагчид нь бөөнөөрөө таван хошуу нэмж билээ. Цаашилбал Н.Жаргалбаярт “ахмад”, Б.Серикт “дэслэгч” нар болон тэдний ангийн дарга нар хүртэл цол нэмсэн. Өнөө жил түрүү бөхөөс эхлээд үргэлжлэх бололтой.
Ер нь цэрэг, цагдаа, тусгай байгууллагын дарга нар “нам, лам холино” гэгчээр бөхийн цолыг цэргийн цолоор мялаахаа болих хэрэгтэй. Төрийн тэргүүн хуулийн дагуу цол олгочихоод байхад Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг давж шагнах гээд байдаг юм уу. Эсвэл тухайн байгууллагын нэр дээр барилддаг тэр бөхөд мөрдэстээ таван хошуу нэмчихээр ажил оногддоггүй болохоор “гуя дагуулж хүзүү” гэдэг шиг цусаар үнэлэгдэх гавьяаны шагналыг золиосолж нугалаа хийгээд байна уу гэдгээ бодох хэрэгтэй.
Шаардлагатай бол холбогдох хуульд өөрчлөлт оруулах гарц ч бий. “Шинэхэн” улстөрч хүчний байгууллагад удирдах албанд очоод, төрийн хамгаалалтынхан ёслоход гайхаж, цочиж “факталдаг” даа. ЦЕГ, ОБЕГ, ЗХЖШ, ШШГЕГ-т тэс өөр салбарын хүн очиж ажиллах, тухайн байгууллагын ажилтан ажилчдадаа өгөх ёстой орон сууцны хөтөлбөр, бусад хангамжийг эдлэх ямар “гажиг” харагддаг билээ. Байгууллагынх нь нэр дээр барилддагаас болж цол нэмэх нь тэр салбарынхныг үүнээс хавьгүй илүү эмзэглүүлдэг юм шүү дээ.
Асуудлын гол нь дэд хурандаагийн хоёр өлзий, дээр нь мөн л алтан утсаар соёмбо үсгээр хатгасан алхан хээт мөрдэс, алтан таван хошуу сэлтээс илүү сүнслэг, бодит гавьяаг үнэлэх тэр үнэ цэнэд байгаа юм. Цэргийн баяраар утга учрыг нь мэдэхгүй цэргийн дүрэмт хувцас, гавьяаны биш гангарааны мөрдэс зүүж зураг хөрөгөө авахуулдаг мунхаг улстөрчид ч үүнийг бодох ёстой.
Цэргийн дээд цолтны тоо тухайн улсын хүн ам, Зэвсэгт хүчнийх нь бие бүрэлдэхүүний тооноос хамаарах ямар нэгэн харьцаа байдаг юм билээ. Гурван сая хүн амтай улсад ийм олон хурандаа, дэд хурандаагийн хэрэг байдаг ч юм уу. Цаана чинь таван сая хүн амтай таван генералтай улс ч байна. Тэгэхэд нэг аймгаас 18 генерал төрсөн гэж гайхуулж байгаагийн цаана арай л гажиг тогтолцоо ажиглагдаад байна шүү. Дашрамд дурдахад цол нэмж байгаа зарим бөхийг тухайн байгууллагадаа ажилладаггүй, сул цалин авдаг гэх шүүмжлэл бий. Тийм бол шагнуулж буй бөхөд бүр ч эвгүй. Барилддаггүй цэрэг, цагдаад харцага, заан, гарьд, арслан, аварга цол өгчихвөл яаж хүлээж авах вэ. Тэгж шагнаж болох уу. Үүнтэй л адилхан холиход зохимжгүй шагнал болчихоод байна. Дахин сануулахад мөрдэс бол бай биш шүү, дарга нар аа. Цалин нэмэхээс тэс өөр, эмзэг сэдэв…”Зэрэг нэмэхийн өмнө” кинонд Боролдойг нохойн толгойд ноёныхоо отог жинстэй малгайг углахыг хараад инээх биш ярвайхад хүрдэг. Төрөө дээдэлдэг ёс бодогдож, инээхэд учир бий гэж эрхгүй санагддаг байх аа. Мөрдэсний үнэ цэнийг үнэлж чадахгүй бол ажлаа өгсөн нь дээр биз ээ.
У.ОЙДОВ