ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны 2018 оны шилдэг хөлбөмбөгчинд өрсөлдөх 10 тоглогчийн нэрийг зарлалаа. Уг жагсаалтад Бразилийн шигшээ багийн дотвлогч, Францын ‘ПСЖ’ клубын шилдэг тоглогч Неймар багтсангүй. Неймар өнгөрсөн хоёрдугаар сард бэртэл авч хэсэг хугацаанд талбайн гадна байсан ч ДАШТ-ий өмнө бэртлээ эдгээн шигшээ багтайгаа нэгдсэн. Бразилийн шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-2018-д оролцож дунд шөвөгт Бельгийн шигшээ багт хожигдсноор Неймарын дэлхийн аварга болох мөрөөдөл бүтэлгүйтсэн.
Энэ жилийн ФИФА-гийн шилдэгт дандаа Европын лигийн тоглогчид багтсан бөгөөд Английн премьер лигээс 4, Испаний Ла лигээс 5, Францын лиг-1-ээс 1 тоглогч багтжээ. Тэмцээний шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа ирэх есдүгээр сарын 24-нд Лондон хотноо болох бөгөөд шилдгүүдийг спортын сэтгүүлч, тоглогч болон хөгжөөн дэмжигчдийн саналаар тодруулна.
Нэр дэвшигчид:
- К.Роналдо (Португал. Испанийн ‘Реал Мадрид’-аас Италийн ‘Ювентус’ руу шилжсэн)
- Л.Модрич (Хорват. Испанийн ‘Реал Мадрид’)
- Р.Варан (Франц. Испанийн ‘Реал Мадрид’)
- Л.Месси (Аргентин. Испанийн ‘Барселона’)
- А.Гризманн (Франц. Испанийн ‘Атлетико Мадрид’)
- К.де Бройне (Бельги. Английн ‘Манчестер Сити’)
- Э.Азар (Бельги. Английн ‘Челси’)
- Х.Кейн (Англи. Английн ‘Тоттенхэм Хотспур’)
- М.Салах (Египет. Английн ‘Ливерпүүл’)
- К.Мбаппе (Франц. Францын ‘ПСЖ’)
К.Роналдо клубынхээ хамтаар гурав дахь жилдээ дараалан Аваргуудын лигт түрүүлж XXI зуунд шинэ түүх бүтээсэн. Л.Модрич клубтээ мөн К.Роналдогийн адил амжилт үзүүлж, шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Р.Вараны хувьд дээрх хоёр тоглогчтой клубын түвшинд ижил амжилт үзүүлж, ДАШТ-д шигшээ багийнхаа хамтаар алтан медаль хүртсэн. Л.Месси Барселона клубынхээ хамтаар Испанийн лигтээ түрүүлсэн. А.Гризманн клубынхээ хамтаар Европа лигийн цомд түрүүлж, шигшээ багтайгаа дэлхийн аваргын алтан цомыг хүртсэн. Кевин де Бройне клубынхээ хамтаар Английн лиг болон EFL Cup-н цом хүртэж шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол Э.Азар мөн шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-д хүрэл медаль хүртсэн. Х.Кейн шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-д амжилттай оролцож хагас шигшээд шалгарч мэргэн бууч болсон. М.Салах клубынхээ хамтаар аваргуудын лигийн финалд шалгарч, шигшээ багаа хөтлөн 20 жилийн дараа ДАШТ-д оролцуулсан. К.Мбаппе шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-д түрүүлж, тэмцээний шилдэг залуу тоглогч шагналын эзэн болсон. Мөн клубынхээ хамтаар Францын дотоодын цомуудыг хүртсэн.
Б.БЯМБАБАЯР