Хөрс хатсан үед ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг
Энэ сард нутгийн ихэнх хэсгээр усархаг бороо орсны улмаас зарим газар үер бууж, хөрс ихээр бохирдсон. Нийслэлийн хувьд яг аль хэсэгт хөрсний ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн Р.Мөнхбатаас тодрууллаа. Тэрбээр “Хөрсний ариутгал халдваргүйжүүлэлтийг лаг, шавар хатсаны дараа хийдэг. Ойрын өдрүүдэд тогтмол бороо орж байсан тул ариутгал халдваргүйжүүлэлт хийх боломжгүй байлаа. Манай байгууллага энэ ажлыг Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбарын бусад байгууллагатай хамтран хийдэг. Бид лаг, шавар, хөрс хатсан үед ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ, бэлтгэлээ бүрэн хангасан. Эхний ээлжид гэр хороолол ихтэй дүүрэг тухайлбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна энэ жил бороо их орж голын төвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн III, XI, XV хороо буюу Туул голын эрэг дагуух барилгад хөрсний ус нэвчиж улмаар зоорь хэсэг усанд автсан. Үүнийг тухайн байрны иргэд болон СӨХ, зарим тохиолдолд манай байгууллагынхан соруулж, аюулгүй болгож байна” гэлээ.
Үерийн усанд өртсөн худаг болон ногоог хааж, устгах хэрэгтэй
Хөрсний ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн, доктор Ш.Батдэлгэрээс тодрууллаа.
-Иргэд хашааныхаа хөрсийг хэрхэн ариутгах вэ?
-Манай байгууллага үерийн дараа ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаар холбогдох байгууллагад заавар өгч ажилласан. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис нь химийн найрлагатай тул иргэд мэргэжлийн хүний заавраар, тусгай байгууллагаар ариутгал хийлгэх нь зөв.
Жорлон, муу усны нүхэнд ус дүүрч, улмаар хальсан тохиолдолд хлорын шохойны 10 хувийн, мөн жавелионы 10 хувийн уусмалаар долоо хоногт хоёр удаа шүршиж ариутгах ёстой. Үүнийг мэргэжлийн хүмүүс найруулах нь зохимжтой.
-Үерийн дараа ахуйн ариун цэврийг хэрхэн сахих вэ?
Үерийн дараа гэдэсний халдварт өвчин, шар зэрэг халдварт өвчин тархах эрсдэл өндөр байдаг. Жорлонд орсон, гадуур явсан гутлаа тайлж, гэртээ орох хэрэгтэй. Хүүхдийнхээ хувцсыг сольж, гарыг нь сайн угаах хэрэгтэй. Үерийн үед гар халдваргүйжүүлэх энгийн арга нь давс, соданы уусмал. Гэртээ ийм уусмал бэлтгээд гараа ариутгаж болно. Мөн үерийн үед цэвэр болон цэвэршүүлсэн ус хэрэглэх, үерийн усанд бохирдсон хүнсийг хаях хэрэгтэй.
-Зарим айл хашаандаа ногоо тарьдаг. Үерийн усанд өртсөн ногоо болон худгийг яах вэ?
-Үерийн усанд өртсөн худаг болон ногоог хааж, устгах хэрэгтэй.
Р.Ренчиндулам