АТГ “тул” барьсан уу, “жараахай” дэгээдсэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

АТГ “тул” барьсан уу, “жараахай” дэгээдсэн үү?

АТГ “тул” барьсан уу, “жараахай” дэгээдсэн үү?

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас МИАТ компанийн Захиргаа хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр саатуулсан тухай мэдээлэл том дуулиан тарьж байна.

Энэхүү үйл явдал Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй дайн зарлаад буй өрсөлдөгч нарт нь “олз” болж хувирахыг ч үгүйсгэх аргагүй. Н.Энхбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоход туслахаар нь ажиллаж байсан нь хамаатуулах бас нэг шалтаг болж буй юм.

Гэхдээ АТГ энэ удаад “тул” барьсан уу, “жараахай” дэгээдсэн үү гэдэгт асуудал оршино. Өөрөөр хэлбэл, МИАТ компанийн Захиргаа хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлын албан тушаалтай тэрбээр энэ их мөнгийг авч байгаад баригдсан нь үнэн юм бол албан тушаалд очсоныхоо төлбөрийг төлөхийн тулд бусдаас авлига авав уу, аль эсвэл хувьдаа завшихын тулд авсан уу.  Эс бөгөөс дээрээсээ захиалгатайгаар энэ ажиллагаа явсан нь бүтэлгүйтэв үү гээд олон асуултыг араасаа дагуулж буй. Мөн 600 сая төгрөгийн авлигын хэрэг гэдэг нь баттай юу гэдэг асуудал ч хөндөгдөнө. 

600 сая төгрөг гэдэг бол хэтэвчинд багтах мөнгө биш. 200 сая төгрөгийн үнэтэй 3-4 өрөө байр гурвыг худалдан авах хэмжээний мөнгө. Энэ их мөнгийг МИАТ компанийн ‘хурган’ захирал авсан бол тус компанид ямар их мөнгөний ажил эргэлддэг вэ гэдгийг харуулах бас нэг жишээ болно. Харин аваагүй байхад нь сэжиглэж баривчилсан бол хэлмэгдүүлэлт. 

Гэхдээ албан тушаалд очсон шангаа буцааж төлөхийн тулд бусдаас хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд гардуулсан жишээ өмнө нь гарсан. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба бусдаас их хэмжээний мөнгө авч байгаад баригдаж байв. Намдаа санхүүжилт босгохын тулд авлига авсан гэх тайлбарыг хийсэн удаатай.

Н.Энхбаатарын хувьд ч үүнээс нэг их зөрөхгүй гэх таамаг дэвшиж буй. Гол нь энэ бүхэн нотлогдох ёстой.  Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч яллаж, гэмт хэрэгтэн мэт үзэж болохгүй. 

Авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа Н.Энхбаатар нь 2001-2005 онд МУИС-ийн НШУС-ийг философич, нийгмийн судлалын багш мэргэжлээр төгсөж, 2014-2016 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд хууль тогтоох засаглалын үйл ажиллагааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.  Үндсэндээ гадаадад эрдмийн зэрэг хамгаалаад ирснийх нь даруу буюу 2016 оны арваннэгдүгээр сард МИАТ компанийн Захиргаа хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлын албанд томилогдсон байна.  

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж