"Бензин цацаж, амь насанд халдана гэдэг балмад хэрэг"

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

"Бензин цацаж, амь насанд халдана гэдэг балмад хэрэг"

"Бензин цацаж, амь насанд халдана гэдэг балмад хэрэг"

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 13-ны өдөр үл таних залуу хоёр залуугийн биен дээр бензин асгаж шатаасан аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Хэргийг эргэн сануулахад тухайн өдөр ах нь үл таних залуутай эхэлж маргажээ. Дэлгүүрээс маргасаар гарч ирснийхээ дараа үл таних залуу ах руу нь таван литрийн савтай бензин цацаж, галдан шатаахад дүү нь ахыгаа хамгаалсан байдаг. Харамсалтай нь, дүү нь болох 34 настай Б.Цогтсайхан хэдхэн хоногийн өмнө шархаа даалгүй нас барсан байна. 

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр хэрэгт холбогдон шалгагдаж буй 31 настай Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй Багануур дүүрэгт ганцаараа амьдардаг залуу байсан аж. Түүнд эрүүгийн хуулийн 10.1.2.2  зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Эл асуудлаар Хохирогчдын холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Х.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Энэ хэргийн улмаас хохирсон иргэдийн ар гэрийнхэн танай холбоонд хэзээ хандсан бэ. Тухайн өдөр юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Манай холбоонд 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр хохирогчдын хамаатан болох Ж.Бат-Эвлэл гэх залуу хандсан. Тэрбээр бидэнд ирүүлсэн өргөдөлдөө 2018 оны долдугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн харьяат ах дүүсийн хүүхдүүд болох Б.Цогтсайхан, Б.Нэрэн нар нь Хэнтийгээс Улаанбаатар орох замдаа хэрцгий балмад этгээдэд хорлогдоод маш хүнд байдалтай байна. Биеийн байдал хүнд байгаа тул тэдний эрх ашгийг хамгаалахыг надаас хүссэн юм. Хамгийн анх тэдгээр залуусын ар гэрийнхэнтэй холбоо бариад Гэмтэл согог судлалын төвийн гадаа 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр уулзахад бүх болсон процессоо надад хэлсэн.

-Тухайн үед ах дүүсийн биеийн байдал ямар байсан бэ. Ямар шалтгааны улмаас бензин цацахад хүрэв? 

– Хот руу орох замдаа ах нь болох Б.Нэрэн үл таних этгээдтэй маргалдсан юм шиг байгаа юм. Маргаад удаагүй байтал үл таних залуу таван литрийн савтай бензин түүн рүү цацаад асаагуур шидсэн гэсэн. Энэ хооронд дүү нь гэгдэх талийгаач Б.Цогтсайхан ахыгаа хамгаалаад дээр нь хэвтэж. Гэтэл өнөөх үл таних залуу таван литрийн савтай бензинээ дуустал нь юүлж ах дүү хоёрыг галдан шатаасан. Хэрэв ухаантай хүн байсан бол тэр дороо болино шүү дээ. Гэтэл тэгээгүй, санаатайгаар хүний эрүүл мэндэд халдаж, өс хонзонгийн сэдлээр залуус руу халдсан. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй онц ноцтой, балмад хэрцгий хэрэг. Хэргийн улмаас дүү нь 60 хувь, ах нь 25 хувийн түлэгдэлтэйгээр Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн юм. Дүү нь болох Б.Цогтсайхан гэмтлийн эмнэлэгт энэ сарын 21-ны өдөр шархаа даалгүй нас барлаа. Талийгаач эмнэлэгт хүргэгдсэн цагаас хойш асар их тарчилсан.  Энэ сарын 19-ны өдөр хагалгаанд орсон ч нэмэр болсонгүй. Бензин гэдэг чинь шатамхай бодис учраас их хордлоготой бие нь маш муу байсан. Түүнд гуяны арьснаас нь аваад, нуруун дээр нь нөхөлт хийсэн. Хагалгааны дараа бие нь эрс муудан хоёр уушги нь устаж, бөөрний дутагдалд ороод нас барсан даа хөөрхий минь. Талийгаач бүтэн өнчин бөгөөд хоёр хүүтэй юм билээ. Тэр өдөр ТВ4-ийн сэтгүүлч надтай уулзаж хэргийг шуурхай сурвалжилсан. Дараа нь хандивын данс нээж ард түмэн их дэмжлэг үзүүллээ.

– Ахынх нь биеийн байдал ямархуу байгаа вэ?

– Ахынх нь биеийн байдал ерөнхийдөө  тогтворжсон. Түлэнхий гэдэг чинь их хортой байдаг. Манай улс түлэнхийн төвөө найм, есөн жилийн өмнө татан буулгачхаад одоо болтол босгохгүй байна. Гэмтлийн эмнэлгийн хэдэн умгар өрөөг түлэнхийн тасаг гэж нэрлээд агааргүй бүгчим өрөөнд өвчтөнүүдийг  хохироож байна. Яагаад түлэнхийн төвийг ашиглалтад оруулахгүй байгаа юм. Тэнд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн бүхий л зардал ар гэрээс нь гардаг юм билээ. Нэмж хэлэхэд манай улсад нийгмийн нөхцөл байдал их өөрчлөгдөж байна. Дээхэн үед залуус хоорондоо муудалцлаа гэхэд гар зөрүүлдэг байсан бол одоо санаатайгаар бензин цацаад маш аймшигтайгаар нэгнийгээ хөнөөж байгаа нь залуучуудын ухамсар хэрхэн доройтсоныг харуулж байна. Хэдий хоорондоо маргасан ч монголчууд нэг нэгийгээ тарчлааж алах дээрээ тулаагүй. Тэр бензин цацдаг залуу 31 настай Багануур дүүргийн харьяат нэгэн байсан. Өчигдөр /2018.07.23/ өглөө талийгаачийн ажил явдал болж өнгөрлөө. Моргоос талийгаачийн цогцсыг шилжүүлэхэд эрүүгийн шинжээч ирээд гарын үсгээ зураад явсан. Одоо энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх бол гэхээс санаа зовниж байна. Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр талийгаачийг буруутгах ёсгүй. Тэдний нэг нь гэрч болоод үлдчихсэн учраас энэ хэрэг олон нийтийн анхааралд байна гэдэгт итгэж байгаа.

– Гэмт этгээдийг саатуулсан болов уу. Одоогоор ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

– Надад хандсан өдөр би хариуцсан цагдаатай нь утсаар ярьсан юм. Тэр цагдаа хэлэхдээ онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хотод  шалгадаг тул Хэнтийгээс авчирч баривчилсан гэж хэлсэн. Талийгаачийн ажил явдал дуусахаар цагдаагаас хэрэг бүртгэлт нээх байх. Талийгаачаас хэрэгтэй холбоотой мэдүүлэг авч чадаагүй. Гэхдээ ахаас нь мэдүүлэг авсан. Хэргийн бүх ээдрээтэй асуудлууд шүүх хурлаар шийдэгдэх байх. Эхний үед хэргийн нөхцөл байдал хоорондоо маргалдан нэгийгээ онц хэрцгийгээр гэмтээсэн боловч одоо нөхцөл байдал өөрчлөгдөж санаатайгаар хүний амь нас хөнөөсөн гэх зүйл ангиар солигдож байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж