УИХ-ын нэр бүхий 25 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулахаар наадмын өмнө УИХ-ын даргад хандсан. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар болсон. Тус байнгын хороогоор ээлжит бус чуулган зарлах хуулийн үндэслэл байгаа эсэх, 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах боломжтой эсэхийг хэлэлцэх юм. Ингээд дээрх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын байр суурийг хүргэж байна.
Д.Хаянхярваа
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн
Наадмын үеэр хөдөө сүлжээгүй газар байсан. Гэхдээ ээлжит бус чуулганы талаар сонссон ч надад албан ёсоор ээлжит бус чуулган зарлах гэж байгаа талаар мэдэгдээгүй. Хэрэв ээлжит бус чуулган зарлахаар бол хуулийн дагуу, хуулийн хүрээнд болох биз. Ер нь бол албан тушаалтны асуудлыг хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлуулах гээд байгааг би хувьдаа ойлгохгүй байгаа.
Л.Оюун-Эрдэнэ
УИХ-ын гишүүн
“60 тэрбум”-ын хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан зэрэг өнгөрсөн хугацаанд замхарсан бүхий л хэргийг УИХ -аар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн 25 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлж байна.
Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигын хэргийг санаатайгаар нуун дарагдууллаа гэж бид үзэж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд үр дүн огт гарсангүй. 60 тэрбумын хэрэг болон бусад авлигын асуудалд ийм байдлаар хандах юм бол Х.Энхжаргал даргыг ажлаа үргэлжлүүлэн хийх эрхгүй гэж үзэж байна. Энэ бүхийг хаалттай бус нээлттэй чуулганаар авч хэлэлцэж ард түмнийхээ өмнө тайлбарлах нь зүйтэй.
УИХ-ын тухай хуульд гишүүдийн гуравны нэг буюу 25 гишүүн гарын үсэг зурснаар 14 хоногийн дотор ээлжит бус чуулган хуралдуулна гэж заасан байдаг. Тиймээс Үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулган зарлана гэдэгт найдаж байна.
Холбоотой мэдээ