Дональд Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа АНУ-ын Тагнуулын төв газар Орос улс АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж үзэн сонгуульд нөлөөлсөн гэх нотолгоог хайж олно гэж мэдэгдсэн юм.
Гэхдээ Оросын тал одоог хүртэл АНУ-ын сонгуульд нөлөөлөх шаардлагагүй хэмээн няцаасаар байгаа.
Харин АНУ-ын Хууль зүйн яамны дэд прокурор Род Розенштэйн өнгөрсөн долдугаар сарын 13-нд 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон Оросын 12 тагнуулчийн нэрийг зарлаж, гэмт хэрэгт буруутгасан. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Линдсэй Валтерс тус мэдэгдэлд аль намын ч оролцоо ороогүй. Тагнуулын төв газрын мөрдөн байцаалтын үр дүнд тулгуурласан мэдэгдэл хэмээн тайлбар хийсэн юм.
Хельсингт товлогдсон Путин, Трамп нарын анхны дээд хэмжээний уулзалт болохоос 3 хоногийн өмнө зарласан энэ мэдэгдлээс болж хоёр орны харилцаа дордох болов уу гэсэн айдас байсан хэдий ч тэгээгүй. Уулзалт болдгоороо болж, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудалд хамтрахаа талууд амласан.
Трамп энэ үеэр Оросыг буруутгасан Тагнуулын төв газрынхаа мэдэгдлийг эрс няцааж, Оросын талд байгаагаа мэдэгдсэн. Трамп бас сонгуульд нөлөөлөх гэсэн Оросын явуулгыг шалгаж буй АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан, энэ хэрэгт тусгай прокуророор томилогдсон Роберт Мюллерийн ажиллагааг “гамшиг” гэж буруутгасан юм. Гэвч маргааш нь /2017.07.17/ Трамп хэлсэн үгэндээ залруулга хийж сонгуульд Оросын тал нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл гаргасан билээ. Үүнээс болж Трамп АНУ-ын эрх ашиг, аюулгүй байдалд нөлөөлсөн ОХУ-ыг өмгөөлж байгаа нь яавч улсын ерөнхийлөгчийн хийх үйлдэл биш хэмээн шүүмжлүүлсэн.
Одоо АНУ-ын шүүх байгууллага Оросын 12 тагнуулчийн гэм буруутай үгүйг шийдвэрлэнэ. Прокурорууд шүүх хурал дээр эдгээр сэжиглэгдэж буй Оросын тагнуулуудын гэм буруутайг нотлох хангалттай нотолгоог дэлгэх ёстой.
Энэ хэрэгт АНУ-ын Тагнуулын төв газрын тусламжтайгаар мөрдөн байцаалтыг явуулсан. Мөрдөн байцаалт үргэлжилсээр байгааг албаны хүмүүс мэдэгдээд байгаа юм. Тагнуулын төв газрын Тусгай зөвлөлөөс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй байна. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдож ял хүртэх хэмжээнд хүрвэл Орос, АНУ-ын харилцаанд сэв сууж мэдэхээр байгаа юм.