Япон улсад долдугаар сарын 16-наас 22-ны хооронд 65 хүн наранд цохиулсны улмаас нас барж, 22647 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Даваа гаригт /2018.07.23/ Японы Сайтама мужийн Кумагаяа хотод агаарын дулаан 41.1 градус хүрсэн нь түүхэнд байгаагүй халуун өдөр хэмээн тэмдэглэгдсэн байна. Энэ хугацаанд зургаан хүн нас барж мөн Осака болон Хирошиа мужуудад таван хүн наранд цохиулж нас баржээ. Өнгөрсөн долоо хоногт хэт халалтаас болж 12 хүн амиа алдаж, 12700 хүн эмнэлэгт хандсан байна.
Наранд цохиулснаас болж түргэн тусламж авсан хүмүүсийн 46 хувь буюу 10 мянга 525 хүн эмнэлэгт хэвтсэн нь ихэвчлэн 65 наснаас дээш хүмүүс байсан бол 17 хувь буюу 3953 нь 17 наснаас доош хүүхдүүд байсан аж. Үүнээс 42 хувь буюу 9462 хүмүүс гэртээ өвдөж эмнэлэгт хүргэгдсэн бол 13 хувь буюу 1230 хүн гадаа гудамжид явж байхдаа өвджээ. Харин 1135 хүн ажиллаж байх үеэр өвдөж эмнэлэгт хүргэгдсэн аж.
Эдгээр урьдчилсан тоо үзүүлэлтийг Японы гал болон гамшигтай тэмцэх газраас долдугаар сарын 24-ний өдрөөр нэгтгэн бүртгэж толилуулжээ.
Г. Батмандах
Эх сурвалж: Asahi