ОХУ, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил буюу БРИКС-ийн орнуудын төрийн тэргүүн нар энэ долоо хоногт Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо чуулж, дэлхийн эдийн засгийн асуудал болон худалдааны дайны тухай хэлэлцэх гэж байна. X удаагаа зохион байгуулагдах гэж буй БРИКС-ын чуулга уулзалт долдугаар сарын 25-наас 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар гурван өдөр болох тус чуулганд оролцоно. Тэд АНУ-БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны дайны асуудлыг нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөсөн ажээ.
Сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүнүүдэд 34 тэрбум ам.долларын татвар ногдуулах шийдвэр гаргасанд Хятад улс хариу болгож АНУ-ын бараануудад нэмж 25 хувийн татвар ногдуулсан. Үүнээс хойш АНУ, Хятад улсууд бие биеийгээ сүрдүүлсээр сүүлийн байдлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 500 тэрбум ам.долларын татвар ногдуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдэлд Хятадын талаас одоогийн байдлаар хариу өгөөгүй байна.
Хятадын дарга Си Жиньпин Африкийн орнуудаар айлчилж байгаа бөгөөд түүний сүүлчийн зогсоол нь БРИКС-ын чуулга уулзалт ажээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мөн адил Африкийн улс орнуудаар айлчилж, БРИКС чуулга уулзалтад оролцчихоод харихаар төлөвлөжээ.
Турк улсын Ерөнхийлөгч дахин сонгогдсон Режеп Тайип Эрдоган БРИКС-ын уулзалтаар Исламын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагыг /OIC/ төлөөлж хүрэлцэн ирэх ажээ. Мөн тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай чуулга уулзалтын хажуугаар уулзах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.
Г. Батмандах
Эх сурвалж: AFP