Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долдугаар сарын 14-16-нд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж, олон айл үерт автан, их хэмжээний хохирол амсч, түр хамгаалах байр байгуулаад байгаа билээ. Нөхцөл байдалтай холбоотойгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ)-аас ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилласан. Ажлын хэсгийн гишүүн, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Т.Шүрэнцэцэгээс нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Есөн сартай жирэмсэн эмэгтэй, 17 хоногтой хүүхэд бий
-Байгалийн гамшигт өртсөн хүмүүстэй ажиллаад ирлээ. Тэнд одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
-Үерт аймгийн долоон багийн 530 гаруй өрх өртсөн. Аймгийн онцгой комиссоос зургаан түр хамгаалах байранд 270 өрхийн 518 том хүн, 425 хүүхдийг байрлуулаад байсан.
Бид Баян-Өлгийд долдугаар сарын 19-ний 5.00 цагт очсон. Очоод түр хамгаалах зургаан байр болон нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үед зөвхөн өмсч байсан хувцастайгаа шавар шавхай туучин гарч ирсэн хүмүүсийн хувцсыг солих, аяга таваг, хөнжил гудаснаас эхлээд хүний наад захын хэрэгцээ дутаж байсан. Наад зах нь хүүхэд хоол идэхийнхээ өмнө гар угаах боломжгүй байсан. Ингээд орчны эрсдэлийн судалгаа хийж, хүүхдэд аюул учруулахуйц 28 ил утас, унтраалга, хагарах зүйлс зэргийг аюулгүй болгосон.
Мөн хамгийн эрсдэлтэй, эмзэг 20 өрхийг сонгон авч ажилласан. Эдгээр өрхөд төрөх дөхсөн, есөн сартай жирэмсэн эмэгтэй, 17 хоногтой хүүхэд, бүтэн өнчин хоёр, хагас өнчин 28 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй зургаа, тусгаарлагдсан буюу ээж, аав нь ажлаар өөр газар яваа найм, жирэмсэн 17 эмэгтэй, 34 нярай хүүхэд бий. Эдгээр иргэдтэй гэр бүлийнх нь хамт ажиллахад 101 хүн болж байгаа. Үүний 60 нь хүүхэд. Бид аймгийн V цэцэрлэгт 20 өрхөө байрлуулсан. Энэ байранд долоо хоног байлгах юм.
-Дээр дурдсан хоёр өнчин хүүхэд хэнтэй хамт амьдардаг байсан юм бол?
-Өвөө, эмээ болон хамаатан садныдаа байдаг байсан. Тэдэнтэй манай мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Хамгаалах байранд байгаа 20 өрхийг хэвийн байдалд ортол нь мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
-Хүүхэд, эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн байдал ямар байна вэ. Тэдэнтэй хэрхэн ажиллаж байна вэ?
-Үерт өртсөн хүмүүсийн сэтгэлзүй хүнд байгаа. Тэр дундаа хүүхдүүдийн сэтгэлзүй тун хүнд байна. Тэд ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон байна. Бид замдаа Ховд аймгийн сэтгэлзүйчийг авч явсан. Ингээд тэнд гурван сэтгэлзүйч ажиллаж байгаа.
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын түргэвчилсэн үнэлгээг хийсэн байна. Үнэлгээгээр хүүхдүүдэд дутагдаж байгаа зүйл дээр түлхүү ажилласан байсан. Биднийг очиход 5.2 сая төгрөгийн яаралтай тусламж үзүүлсэн байсан. Үүгээр эхний ээлжид зургаан байранд байрлаж байгаа хүүхдүүдэд өгөх живх, ахуйн хэрэглээний зүйлс, хуурай идэх зүйл авсан байсан.
-Хамгаалах байранд долоо хоног байлгана гэсэн. Хамгаалах байрнаас гарсны дараа тэднийг хаана байлгах вэ?
-Агентлагийн зүгээс тэдэнд зориулан 23.5 сая төгрөгөөр 10 гэр худалдан авч байгаа. Баян-Өлгийд гэр зардаггүй юм байна. Тиймээс бид Өвөрхангай аймгаас 10 гэр авч байгаа. Мөн Онцгой комиссоос очиж буй 80 гэрээс 10-ийг тэдэнд гаргаж өгнө. Түүнчлэн үүсээд байгаа нөхцөл байдал, юу хэрэгтэй байгаа талаар олон улсын байгууллагад бичгээр хандаж байгаа.
Дээрх 20 өрхөөс гадна үерт өртсөн 187 өрх бий. Эдгээр өрхөд хамтарсан багаар дамжуулан зөвлөгөө өгч байгаа. Мөн үерээс өмнөх эрсдэлийг судалж байгаа. Судалгааг гамшиг, онцгой байдлын үеийн хүүхдийн эрсдэлийг үнэлэх дэлхийн стандартын дагуу найман үзүүлэлтээр хийж байна. Судалгаагаар хүүхдийн хэдэн хувьд сэтгэлзүйн анхан шатны тусламж, сэтгэл засал хэрэгтэй болох нь тодорхой болох юм.
Есдүгээр сарын 1-нийг хүртэл өдөр өнжүүлэх ажиллуулна
-Тэнд одоогоор яаралтай хэрэгтэй байгаа зүйл юу байна вэ?
-Одоогоор мэргэжлийн үйлчилгээг хамтарсан багаар дамжуулан үзүүлж байгаа ч цаашид хүний наад захын хэрэгцээ дутагдаж байгаа.
Мөн гамшигт өртсөн өрхийн хүүхдүүдэд зориулан энэ долоо хоногоос эхлэн өдөр өнжүүлэх ажиллуулахаар болсон. Энэ нь яаралтай хэрэгтэй байгаа зүйл. Өдөр өнжүүлэхэд 23-ны байдлаар 180 хүүхэд бүртгүүлээд байсан. Цаашид энэ тоо улам өсөх байх. Түр хамгаалах байранд байх нь хүүхдэд том дарамт болдог. Тиймээс өдөр өнжүүлэхийг есдүгээр сарын 1-нийг хүртэл ажиллуулахаар төлөвлөж байгаа. Өдөр өнжүүлэхэд ажиллах багш, тогоочийн цалин, хүнс, бичиг хэргийн тооцооллыг бид хийж байна.
Гамшгийн үед манай агентлагаас шаардагдах бүх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Одоогоор түр хамгаалах байранд долоо хоног байлгахад 11 сая төгрөгийн зардал гарч байгаа. Үүнд тогоочийн цалин, ахуйн хэрэглээний зүйлс багтаж байгаа. Түүнчлэн 425 хүүхдүүдэд орон нутгийн худалдаа эрхлэгчдээс 22 сая 125 мянган төгрөгийн хувцас авч өгсөн. Яаралтай тусламж үзүүлэхгүй бол тэнд нөхцөл байдал тун хүнд байна. Эдгээр зардлыг буюу нийт 42 сая төгрөгийг ГБХЗХГ-ын хүүхэд хамгааллын зардлаар шийдвэрлэсэн.
-Байгалийн гамшигт өртөөд шоконд орсон хүнд сэтгэлзүйн анхан шатны ямар тусламж үзүүлбэл зохимжтой вэ?
-Харах, сонсох, холбох аргачлал чухал. Хүүхэдтэй насны байдлаас нь шалтгаалан харьцдаг. Хүүхдийг хараад, асуудлыг нь сонсоод хэрэгтэй зүйлтэй нь холбох. Үүнийг мэргэжлийн бүс хүн ч үзүүлж болно.
-Газар дээр нь очоод ажиглахад үерт ихэвчлэн ямар айл өртсөн байна вэ?
-Үерт орлого багатай өрх өртсөн байсан. Мөн аймгийн төвөөр явж байхад соёлын ялгаа ажиглагдсан. Тухайлбал, хундамтай, энгийн байшин үерт тэсвэрлэн үлдсэн байсан бол Казах үндэстний амьдардаг байшин нь усанд тэсвэргүй тул үерт урссан байсан.
Р.Ренчиндулам