Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэл маргааш /2018.7.25/ эхэлнэ. Бүртгэлийг өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явуулна. Энэ жилийн цахим бүртгэл 2-5 насны бүх хүүхэд хамрагдаж байгаагаараа онцлог. Мөн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх үйл явц хоёр үе шаттай хэрэгжих юм. Эхний шатанд цахим бүртгэл явагдана. Бүртгэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-нийг дуустал үргэлжилнэ.
Цахим бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 9.00 цагт хоёр дахь шат “Цахим элсэлт” явагдаж, бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар цэцэрлэгт орох хүүхдүүдийг сонгох ажээ. “Цахим элсэлт”-ээр хүүхэд цэцэрлэгт элсэх боломжтой болсон эсэхийг бүртгэл хийхдээ ашигласан гар утасны дугаарт зурвасаар илгээж мэдээлэх юм байна.
Бүртгэл Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд уг системд 2-5 настай бүх хүүхдийн мэдээллийг оруулжээ.Эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг болон хамран сургах тойргийн харьяа цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ.
Цахим элсэлттэй холбоотойгоор эцэг, эхчүүдээс олон асуулт ирж байна.
Энэ талаар Нийслэлийн Боловсролын Газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаагаас тодрууллаа.
-Улаанбаатарт төрийн өмчийн хэдэн цэцэрлэгт хэчнээн хүүхэд элсүүлэх боломжтой вэ. Үүнээс хэд нь хоёр настай хүүхэд байна вэ?
-Урьдчилсан тоогоор, нийслэлд 2-5 насны 146 мянган хүүхэд байна. Үүнээс 114 мянга 225 хүүхдийг төрийн болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтой. Нийслэлд 672 цэцэрлэг байдаг. Үүнээс 222 нь төрийн, 450 нь хувийн цэцэрлэг. Төрийн өмчийн 222 цэцэрлэгт 45 мянга 58 хүүхэд элсүүлэх нормтой ч бид 83 мянга 621 хүүхдийн элсэлт авч байна. Мөн төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай 12 мянга 225 хүүхэд элсүүлнэ.
-Цэцэрлэгт шинээр элсч байгаа болон өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулна гэсэн. Цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхэд цахимаар бүртгүүлсэн ч хүүхдийн тоо дүүрсэн гэх шалтгаанаар цэцэрлэггүй үлдэх магадлал бий юу. Тэднийг цахимаар бүртгээд элсэлтийг мөн түүврийн аргаар явуулах уу?
-Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхэд асуудалгүйгээр цэцэрлэгт хамрагдах боломжтой. Боловсролын мэдээллийн нэгдсэн систем бий. Уг системд цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн талаарх мэдээлэл орсон байгаа. Үүнийг төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлд суулгасан юм. Уг системд тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд л ямар нэгэн асуудалгүй бол ямар цэцэрлэгт хамрагдах боломжтой талаарх тухайн хүүхэдтэй холбоотой мэдээлэл гараад ирнэ. Ингээд баталгаажих товчийг дарахад л бүртгэл баталгаажна. Түүнээс биш урьд нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийг цахимаар бүртгээд хасагдана гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхэд цахимаар бүртгүүлсэн тохиолдолд цэцэрлэггүй үлдчих вий гэж айх хэрэггүй.
-Урьд нь цэцэрлэгт хамрагдаж байсан ч энэ зунаас харьяалал өөрчлөгдсөн хүүхэд аль цэцэрлэгт бүртгүүлэхээ яаж мэдэх вэ?
-Энэ тохиолдолд нэлээд хүндрэл үүснэ. Шилжүүлэг хийсэн харьяаллын дагуу тухайн цэцэрлэгт орно гэсэн ойлголт байхгүй. Шинэ хаягийн харьяалалд байх цэцэрлэгт орон тоо гарч, шинэ элсэлт зарлагдсан тохиолдолд элсэх боломжтой.
-Цэцэрлэгт шинээр хамрагдах 3-5 настай хүүхэд яаж бүртгүүлэх вэ?
-Зарим цэцэрлэгт шилжилт хөдөлгөөн гараад 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авахаар бол энэ талаарх мэдээллээ хяналтын тооны системд байрлуулна. Энэ тохиолдолд цахим бүртгэл, элсэлт явуулна.
-Цахимаар бүртгэл явуулж, элсүүлж байгаа нь хэр баталгаатай вэ. Ямар нэгэн асуудал үүсвэл хариуцлагыг хэн үүрэх вэ?
-Өнгөрсөн жил цахимаар элсэлт явуулсан. Энэ үед ямар нэгэн асуудал үүсээгүй.
-Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг нэг ёсондоо электрон төхөөрөмжийн тусламжтайгаар сугалаагаар шийдвэрлэж байна гэж ойлгож болох уу?
-Санамсаргүй түүврийн аргаар шийдвэрлэж байна гэж ойлгож болно.
-Энэ жил хэдэн цэцэрлэг шинээр нээгдэх вэ. Ингэснээр хэдэн хүүхэд цэцэрлэгт шинээр элсэх боломжтой вэ?
-Энэ жил 18 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж, 3025 хүүхэд шинээр элсэх боломжтой болно. Үүнээс хичээлийн шинэ жилд буюу есдүгээр сард таван цэцэрлэг ашиглалтад орж 1035 хүүхдийн элсэлт авна.