Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнтэй ярилцлаа.
Төрийн банк Монголд анх удаа гадны зах зээлээс эх үүсвэр татан төвлөрүүлсэн талаарх мэдээлэл гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэллээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
– Энэ талаар ярихын өмнө эхлээд Төрийн банкны гадаад харилцааны талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Манай банк нь гадаадын 11 улсын 20 банктай идэвхтэй хамтран ажилладаг. Эдгээр банкуудын валютын дансаар дамжуулан харилцагчдынхаа болон банкны өөрийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж ажилладаг юм. Үүнээс гадна, банканд гадаад эх үүсвэр татан төвлөрүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахыг зорьж байна. Энэ хүрээнд сүүлийн саруудад нэлээд хүчин чармайлт гарган ажилласны үр дүнд Төрийн банк нь Монгол Улсад өмнө хийгдэж байгаагүй онцлог нэгэн хэлцлийг байгуулж, тодорхой хэмжээний гадаад эх үүсвэрийг татан төвлөрүүлж чадлаа.
– Монголд өмнө хийгдэж байгаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ. Анхдагч нь болж чадлаа гэж ойлгож болох уу?
– Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд өмнө нь олон улсын зах зээлд евробонд гаргах, гадаадын банкуудаас зээлийн шугам авч ашиглах, худалдааны санхүүжилтийн шугам нээх, хөрөнгө оруулалтын сангуудаас зээл авах зэрэг санхүүжилтийн аргуудыг ашиглан гадаадаас эх үүсвэр татан төвлөрүүлж байв. Харин манай банкны амжилттай татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хувьд дээр дурьдсан аргуудаас эрс ялгаатай юм. Тухайлбал, манай банк өөрийн эзэмшлийн төгрөгөөр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг хөрвөх чадвар өндөртэй АНУ-ын бондоор “Олон Улсын своп болон деривативын холбооны мастер гэрээ”-ний (International Swaps and Derivatives Association Master Agreement) дагуу сольж чадсан. Улмаар сольж авсан АНУ-ын бондоо барьцаалан “Олон улсын буцаан худалдан авах нөхцөлтэй ерөнхий гэрээ”-ний (Global Master Repurchase Agreement) хүрээнд худалдаж энд яриад байгаа эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн юм. Монголын банкны системд өмнө нь ийм аргаар эх үүсвэр татан төвлөрүүлж байгаагүй. Эхний тохиолдол нь бидний хийсэн хэлцэл байх гэж бодож байна.
– Энгийнээр тайлбарлавал?
– Ер нь бол Төрийн банк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авч байгаа гэж ойлгож болно. Зээл авахад нийтлэг тулгардаг бэрхшээл нь барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байх явдал гэдгийг хүн бүр мэдэх байх. Тиймээс бид эхний ээлжинд Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг дэлхийн зах зээлд хөрвөх чадвар хамгийн сайтай АНУ-ын Засгийн газрын бондоор сольсон. Ингэхдээ, өөрийн эзэмшлийн төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг тохиролцсон хугацаанд хямдралтайгаар зарж оронд нь үнийн дүнтэй нь тэнцэх хэмжээний АНУ-ын Засгийн газрын бонд хүлээн авсан. Яагаад Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг хямдруулав гэвэл зээлийн барьцааг банкууд тодорхой хэмжээгээр хямдруулдагтай адил юм. Ингээд бид нэгэнт олон улсад хамгийн сайн хөрвөх чадвартай хөрөнгөтэй болсон болохоор түүнийгээ барьцаалж дэлхийн хаанаас ч зээл авах боломж бүрдсэн. Барьцаа хөрөнгийн чанар сайжрах тусам авах зээлийн хүү ч дагаад буурах давуу тал давхар бий болсон.
– Гаднаас эх үүсвэр татахын давуу тал нь юу юм бэ?
– Төрийн банкны эх үүсвэрийн дийлэнхийг иргэд, аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Харин дотоод зах зээлийн хадгаламжийн хүү харьцангуй өндөр байдаг. Иргэд, бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүү үүнийг дагаад өндөр байхаас аргагүй нөхцөл байдал үүсдэг. Гэтэл гадаад зах зээлд эсрэгээрээ. Татан төвлөрүүлж байгаа эх үүсвэрийн өртөг нь харьцангуй бага тул бизнесийн санхүүжилтийн өртөг дагаад буурдаг. Бага хүүтэй санхүүжилт авч байгаа бизнесүүд амжилттай цэцэглэх магадлал өндөр. Энэ хирээр нийт эдийн засгийн өсөлт, эргэлтэд эерэг нөлөө үзүүлдэг. Хамгийн том давуу тал нь энэ. Мөн гаднаас санхүүжилт татсанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэх, дотоодын арилжааны банкуудад ийм аргаар эх үүсвэр татах шинэ боломж бүрдэж байна. Цаашлаад, дотоодын Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээл идэвхжинэ гээд олон давуу талтай.
– Анх удаа хийгдсэн хэлцэл болохоор олон хүндрэлтэй нүүр тулсан байх?
– Аливаа зүйлийг анх хийхэд хүндрэл тулгарах нь мэдээж. Гэсэн ч бид хүндрэл бүрийг шийдвэрлэж байж энэ хэлцлийг амжилттай дуусгаж чадлаа. Биднээс үл шалтгаалах асуудлууд ч тулгарсан. Энэ бол банкны зээлжих зэрэглэл байв. Манай арилжааны банкуудын зээлжих зэрэглэл Улсын маань зээлжих зэрэглэлээс шууд хамааралтай байдаг. Хэдий чинээ зээлжих зэрэглэл сайн байна төдий чинээгээр санхүүжилт босгоход хялбар болж өртөг буурч байдаг. Зээлжих зэрэглэл бол биднээс үл шалтгаалах хүчин зүйлийн нэг юм. 2016-2017 онд Монгол Улсын эдийн засаг ямаршуухан хүнд байдалд байсныг хүмүүс хараахан мартаагүй биз. Хүндрэлийн үед өнөөгийн Засгийн газар болоод Монгол Улсын Сангийн яам, Төвбанк харьцангуй сайн ажилласны үр дүнд эдийн засгаа сэргээж чадлаа гэж харж байна. Үүний үр дүнд зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын “Фитч” агентлаг саяхан Монгол Улсын зэрэглэлийг нэг шат ахиулсан нь нааштай үзүүлэлт болж хэлцлийг амжилттай хийхэд эерэгээр нөлөөлсөн. Үүнийг миний хувьд Монгол Улсын Засгийн газар болоод Сангийн яам, Төвбанкийг хэрхэн ажилласанд өгсөн үнэлгээ бөгөөд дүн гэж харж байгаа. Хэрвээ Засгийн газар, Сангийн яам үр дүнтэй ажиллаж зэрэглэлээ ахиулж чадаагүй бол биднээс үл шалтгаалаад өнөөдрийн бидний хэлцэл үр дүнгүй болох байсныг үгүйсгэхгүй. Өөр нэг хүндрэлтэй асуудал нь дотоодын Засгийн газрын үнэт цаасны арилжаа байв. Засгийн газрын зүгээс Монгол Улсын өрийг бууруулахаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өнгөрсөн оны аравдугаар сараас зогсоосон явдал байсан. Анхдагч захын арилжаа зогссоноор хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх бараг үгүй болсон. Ингэснээр гадны банкууд бидний барьцаалсан дотоодын үнэт цаасны зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй болсон. Энгийнээр тайлбарлавал гадны банкууд бидний барьцаалсан Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн үнэлгээг мэдэх боломжгүй болж байна гэсэн үг. Зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй болохоор олгосон зээлээ хүүгийн хамт төлж чадахгүй нөхцөлд барьцаа хөрөнгө нь хангалттай байгаа эсэхийг мэдэх боломжгүй болж байгаа юм. Мөн хууль, эрх зүйн талаас тодорхой зохицуулалт шаардлагатай байгаа нь харагдлаа. Иймээс, Төрийн банкнаас олон улсын байгууллага, Банк, санхүүгийн академитай хамтран ирэх есдүгээр сард сургалт семинар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг энэ дашрамд дуулгахад таатай байна.
– Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөхөд ямар дэмжлэг, тодорхой байдал шаардлагатай байна вэ?
– Юун түрүүнд манай улсын макро эдийн засгийн байдал тогтвортой байж, тэр хэрээр зээлжих зэрэглэл нэмэгдэж чадвал зөвхөн арилжааны банкууд төдийгүй хувийн аж ахуйн нэгжүүдэд ч гаднаас хямд эх үүсвэр татах боломж байна. Үүнээс гадна дотоодын Засгийн газрын үнэт цаасны арилжааг идэвхжүүлж хүүг бууруулах боломж байгааг Төвбанкны үнэт цаасны үлдэгдэл түүхэн дээд хэмжээнд хүртэл нэмэгдэж байгаагаас харж болохоор байна. Ер нь төгрөгийн эрсдэлийг илэрхийлэх хамгийн чухал үзүүлэлт нь төгрөгөөр илэрхийлэгдсэн Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн үнэ юм. Эрсдэлийн төвшинг тодорхой байвал гадаадын хөрөнгө оруулагч нарт шийдвэрээ гаргахад чухал ач холбогдолтой юм.