Магадгүй үүнд гайхах байх. Дэлхийн аваргын алтан цомыг хоёр дахь удаагаа хүртсэн Францчуудын ялалт ямар учраас Африкчуудтай хамаатай байх билээ. Гэхдээ “The Daily Show” нэвтрүүлгийн хөтлөгч Т.Ноа өөрийн шоу нэвтрүүлгийн үеэр “Францын ялалт бол бас Африкчуудын ялалт” гэж хэлээд амжсан байна. Түүний хэлсэн үгийг твиттер хуудаснаа цагийн дотор 50 гаруй мянган хүн ретвиит хийсэн байна. Т.Ноагийн энэхүү яриа АНУ-д суугаа Францын элчин сайдын уурыг нэлээд хүргээд авсан юм.
Үнэхээр ч Т.Ноагийн хэлсэнчлэн Францын шигшээ багийн 23 тоглогчийн 80 гаруй хувь нь цагаач гаралтай тоглогчид юм. Ялангуяа Африк гаралтай тоглогчид талаас илүү хувийг бүрдүүлж байна. Хамгаалагч Р.Варане Төв Америкийн Карибын тэнгис дэх Бага Антилийн арлуудын Мартиник арал, довтлогч Т.Лемар мөн Карибын тэнгис дэх Гваделупа арал, Л.Эрнандес Испани, довтлогч А.Гризманн Герман, О.Жиру Итали гаралтай. Тэгвэл бусад тоглогчдоос 15 нь Африк гаралтай ажээ.
- БНАКонго гаралтай: С.Манданда, П.Кимпембе, Б.Матюиди, С.Нзонзи
- Мали гаралтай: Ж.Сидибе, И.Канте,
- Камерун гаралтай: С.Умтити, К.Мбаппе
- Сенегал гаралтай: А.Менди
- Алжир гаралтай Н.Фекир
- Того гаралтай: К.Толиссо
- Моракко гаралтай: А.Рами
- Гвиней гаралтай: П.Погба
Францын шигшээ баг 20 жилийн өмнө дэлхийн аварга болоход ч цагаач гаралтай, тэр дундаа Африк гаралтай олон тоглогчид бүрдүүлж байсан. Мөн энэ жилийн Дэлхийн аваргын финалын тоглолтын өмнө мөн Хорватын шигшээ багийн дасгалжуулагч асан И.Штимац Францын шигшээ багийг “хаанахын баг вэ?” хэмээн ёжлож байсан.
Б.БЯМБАБАЯР