"Надад ямар ч бичиг ирээгүй"

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

"Надад ямар ч бичиг ирээгүй"

"Надад ямар ч бичиг ирээгүй"

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан бичиг хүргүүлсэн. Ээлжит бус чуулганыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс гадна 25 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэж тэрбээр мэдэгдсэн юм. Чуулганаар 60 тэрбумын бичлэгтэй холбоотой нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гэж дээрх гишүүд үзэж байгаа аж.

Гэвч УИХ-ын даргын зөвлөл хуралдаад, гишүүдийн шаардлагыг эхлээд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл тус байнгын хорооны ирц хангалтгүй  байгаа төдийгүй байнгын хорооны дарга нь хөдөө орон нутгийг зориод байгаа юм.

Тэгвэл 60 тэрбумын бичлэг болон Л.Оюун-Эрдэнэ гишүүний асуудлаар бас нэгэн байнгын хороо хуралдаж болзошгүй юм. Тодруулбал, өчигдөр /2018.07.23/ АТГ-аас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд АТГ-аас албан бичиг хүргүүллээ гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас тодруулахад “Надад ямар ч бичиг ирээгүй. Би хөдөө орон нутагт 10 хоногийн хугацаатай томилолтоор ажиллаж байна” гэдэг хариултыг өгсөн юм. Цаашлаад УИХ-ын Тамгын газарт ирсэн эсэхийг тус газрын дарга Ц.Цолмонгоос тодруулахад “АТГ-аас хүргүүлсэн албан бичиг Төрийн байгуулалтын байнгын хороонд гэж хаягласан бол тухайн газартаа л очих ёстой” гэсэн хариултыг өгсөн юм.

Тэгэхээр АТГ-аас хүргүүлсэн албан бичиг Төрийн байгуулалтын байнгын хороонд ч, УИХ-ын Тамгын газарт ч хараахан ирээгүй байгаа аж.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж