АНУ барууны соёлыг Хойд Солонгост түгээнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

АНУ барууны соёлыг Хойд Солонгост түгээнэ

АНУ барууны соёлыг Хойд Солонгост түгээнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгост хүний эрхийг хангах тухай хуульд гарын үсэг зуржээ. Энэ хуультай холбогдох мэдэгдэл Цагаан ордны албан ёсны сайтад нийтлэгдсэн байна. Хуулийн төслийг өнгөрсөн 2017 оны дөрөвдүгээр сард Ардчилсан болон Бүгд Найрамдах намын гишүүдийн бүлэг АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимд өргөн барьсан билээ. Хожим нь хуулийн төслийг Сенат дэмжсэн.

Хуулийн төслийг санаачлагч, АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Иляна Рос-Лейтинен хэлснээр, дээрх хууль Хойд Солонгосын талаар Ерөнхийлөгч Трампын баримталж буй бодлоготой нийцэх ёстой гэв.

2018 оны зургаадугаар сарын 12-нд Сингапурт АНУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нар түүхэндээ анх удаа уулзсан. Дональд Трамп болон Ким Жон Ун нар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон хоёр улсын хоорондын харилцааг сэргээх асуудлыг хэлэлцсэн.

Удалгүй Хойд Солонгос цөмийн туршилтын талбайгаа устгах болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасан. Үүний хариуд АНУ Өмнөд Солонгостой хийж буй цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоох тухай мэдэгдсэн. Харин Хойд Солонгос АНУ-ын эсрэг суртал ухуулгаа зогсоов.

Гэхдээ АНУ Хойд Солонгосын эсрэг суртал ухуулгаасаа татгалзах бодолгүй байгаа гэдгийг өнгөрсөн баасан гаригт баталсан хуулиараа харууллаа хэмээн шинжээчид дүгнэжээ. Тодруулбал, долдугаар сарын 20-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан хуульд Хойд Солонгосыг хүний эрхийг зөрчилд буруутгасан, дүрвэгчдэд АНУ-аас тусламж үзүүлэх талаар заалтууд тусгагджээ.

Хуульд дурдсанаар, Хойд Солонгост хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагад буцалтгүй тусламж үзүүлэх, Хойд Солонгост АНУ-ын өргөн нэвтрүүлгийг гаргах зэрэг хэд хэдэн тодорхой заалт тусгагдсан.

Шинжээчдийн үзэж буйгаар, Трампын баталсан хууль нь Сингапурын дээд хэмжээний уулзалтын үр дүнд батлагдсан хамтарсан тунхаг бичигтэй шууд зөрчилдөж байгаа гэв. Учир нь хоёр улсын удирдагчид Сингапурт зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үр дүнд Хойд Солонгосын аюулгүй байдлыг хангах, баталгааны тухай хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ.

Дональд Трампын баталсан шинэ хууль Жорж Буш ерөнхийлөгчийн үеийн хуультай харьцуулахад хэд хэдэн сонирхолтой заалт орсон бөгөөд Хойд Солонгост хүний эрхийг хамгаалах асуудлыг урагшлуулсан шинэ хууль хэмээн шинжээчид харж байна. Тодруулбал, тус хуульд зааснаар, АНУ Хойд Солонгосчуудад зориулан нийлүүлэх орчин үеийн ухаалаг тоног төхөөрөмжийн жагсаалтыг өргөжүүлжээ.

Өмнө нь энэ жагсаалт радио хүлээн авагчийн төвшинд яригдаж байсан бол өнөө цагт USB, microSD болон аудио болон видео тоглуулагч, ухаалагч утас, утасгүй сүлжээ, интернет, вэб хуудас зэрэг мэдээлэл авах орчин үеийн тоног төхөөрөмжийн тухай яригдах болжээ. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд АНУ жилдээ гурван сая ам.доллар төсөвлөв.

Энэ нь АНУ Хойд Солонгосыг орчин үеийн техник технологийн салбарт бусад улсаас хоцрогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч буйг харуулсан үзэгдэл болж байна гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм. Гэхдээ тэд Хойд Солонгосыг мэдэхгүй байна. Учир нь Хойд Солонгост үндэсний үйлдвэрлэлийнхээ үйлдвэрлэсэн ухаалаг утсыг хэрэглэдэг олон хүн бий гэв. Магадгүй АНУ болон Өмнөд Солонгосын кибер баг үүнийг ашиглан Хойд Солонгосын дотоод сүлжээнд нэвтрэх оролдлого хийхийг үгүйсгэхгүй хэмээн шинжээчид харж байна.

Шинээр батлагдсан хуулийн дагуу АНУ Хойд Солонгосыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангаад зогсохгүй тус улсад өргөн нэвтрүүлэг гаргахаар төлөвлөж байна. Өмнө нь ‘Америкийн дуу хоолой’ нэвтрүүлэг болон гаднын бусад нэвтрүүлэг Хойд Солонгосын радио, телевизээр гарахдаа дүрвэгсдийн ярилцлагаас л зөвхөн бүрдэж байсан бол одоо АНУ-ын Өргөн нэвтрүүлгийн зөвлөл орчин үеийн нийтийн соёлыг Хойд Солонгост түгээхээр ажиллаж байна. Тодруулбал, хуульд зааснаар, АНУ-ын Өргөн нэвтрүүлгийн зөвлөлөөс Америк, Солонгос, Хятад болон алдартай бусад дуу хөгжим, телевизийн нэвтрүүлэг, кино, нийтийн соёлтой холбоотой нэвтрүүлэг зэргийг гаргана гэсэн заалт тусгагджээ.

Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш 180 өдрийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Өргөн нэвтрүүлгийн зөвлөлтэй хамтран Хойд Солонгосын шинэ үзэгчдийг байлдан дагуулах контентыг сайжруулах детальчилсан төлөвлөгөө агуулсан илтгэлийн конгресст танилцуулах ёстой ажээ.

Ингэснээрээ тэд Хойд Солонгосын нийгмийг өөрчлөхийг хүсч байна. Тэр тусмаа Барууны болон Өмнөд Солонгосын олон ангит кино, АНУ-ын поп оддын тоглолт зэрэг суртал ухуулгад автах залуучууд руу энэ төрлийн контент нь чиглэж байна гэж шинжээчид дүгнэв.

АНУ-ын баталсан Хойд Солонгост хүний эрхийг дэмжих тухай шинэ хуульд онцгой анхаарал татаж буй хэсэг бол Хойд Солонгосчуудын хууль, эрхзүйн мэдлэг, соёлыг нэмэгдүүлэхэд оршиж байна. Тодруулбал, АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагынхан Хойд Солонгосчуудад хүний эрх, эрх чөлөөний тухай олон улсын конвенц болон Хойд Солонгосын үндсэн хуулийн заалтуудын тухай өөрсдөд нь өгүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Энэ мэтчилэн АНУ-ын авах арга хэмжээнд Хойд Солонгос автах эсэх нь эргэлзээтэй гэв. Учир нь Америкчууд орчин үеийн Хойд Солонгосчуудын сэтгэлзүйг судлалгүйгээр контентоо бэлдэж байна. Америкчуудын хувьд энэ бол хүндхэн даваа. Учир нь Хойд Солонгосчууд хоёр мянган жил аливаа нэг улсаас хараат бус оршин тогтносоор ирсэн. Тэд үүгээрээ бахархдаг. АНУ-ын энэ үйлдэлд магадгүй Хойд Солонгосчууд цөмийн зэвсгээсээ татгалзах асуудлаа хойшлуулж, хоёр талын харилцаа улам хурцадмал байдал орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ Трампад ялалт хэрэгтэй. Учир нь ирэх арваннэгдүгээр сард түүний нам конгресст ялалт байгуулах нь ирэх жилүүдэд тэрбээр дахин ерөнхийлөгчөөр сонгогдох эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ гэж шинжээчид дүгнэжээ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж