"Хөлбөмбөгийн талбайд сургуулийн өргөтгөл баригдана"

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

"Хөлбөмбөгийн талбайд сургуулийн өргөтгөл баригдана"

"Хөлбөмбөгийн талбайд сургуулийн өргөтгөл баригдана"

Цаг сайхан байх үед, сургууль бүр тоглоомын талбайтай, биеийн тамирын талбайд хүүхдийн дуу хаддаг байлаа. Харамсалтай нь, өнөөдөр сургуулийн ойр орчны талбайд том, том машин техникийн дуу чих дөжиртөл нүргэлэх болжээ. Энэ мэтчилэн нийслэлийн сургууль, цэцэрлэгийн гаднах талбайд хаа сайгүй барилга байгууламж сүндэрлэсээр олон жилийн нүүр үзэж байгаа билээ.

Үүнийг нэг тод жишээ бол нийслэлийн Баянгол дүүргийн 47 дугаар дунд сургуулийн биеийн тамирын талбай юм. Твиттер цахим хуудсаар сүүлийн өдрүүдэд 47 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр барилга барих гэж байна гэх зураг олон нийтэд ил болж, улмаар жиргээчдийн ярианы халуун сэдэв болоод байлаа. Тэгвэл үнэхээр яам, нийслэл, дүүргийн удирдлагууд 47 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайг үгүй хийж, барилга барихаар төлөвлөсөн эсэхийг бид сурвалжилсан юм. 

Бидэнд олдсон мэдээллээр “Алтантрейд” ХХК нь Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамны /БСШУСЯ/ захиалгаар тус сургуулийн зүүн талд 360 хүүхдийн суудалтай, спорт заалтай, дөрвөн давхар бүхий өргөтгөлийн барилга барихаар болсон байна. Барилгын үйл ажиллагаа долдугаар сарын 18-ны өдрөөс эхэлсэн бөгөөд ирэх 2019 оны есдүгээр сарын 1-ний өдөр  ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх аж.

Манай сурвалжлах баг долдугаар сарын 23-ны 12.00 цагийн үед тус сургууль дээр очиход биеийн тамирын талбайн ногоон зүлгийг хуулж байлаа. Ажилчдын хэлж буйгаар “Үдээс хойшдоо барилгын ерөнхий зураг гарчих байх. Өнөөдөр өглөө хэвлэлтэд өгсөн. Барилгын ажил шөнө явагдаж байгаа учраас оршин суугчдын зүгээс гомдол мэдүүлж байгаа нь хүндрэлтэй байна” гэв.

биеийн тамирын талбайд  зөвхөн сургуулийн өргөтгөл  баригдана

47 дугаар сургуулийн захирал Ч.Наранмандах

Ингээд бид 47 дугаар сургуулийн захирлаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “БСШУСЯ-аас зарласан тендерт “Алтантрейд” ХХК шалгарсан. Өнөөдрийн байдлаар талбайн хашааны зүүн талыг битүүлж байх шиг байна. Сургуулийн биеийн тамирын талбайд дулааны улиралд биеийн тамирын хичээл орж бусад үед хувь хүмүүст түрээсэлдэг байсан. Угаасаа энэ талбайд хүүхэд тоглохын аргагүй нөхцөл байдалтай байсан бөгөөд хүүхэд бэртэх аюултай байсан. Талбай муу учраас хүүхдүүд ирж тоглодоггүй. Сургуулийн өргөтгөл баригдаад орчны тохижилт хийгдэнэ гэсэн учраас талбай бүрэн шинэчлэгдэнэ байх. Мэдээж барилга барих үед хөлбөмбөгийн талбайг үлдээнэ. Сургуулийн биеийн тамирын талбайд зөвхөн сургуулийн өргөтгөл л баригдана. Үүнд итгэлтэй байж болно” гэлээ.

Дээрх сургуулийн хичээлийн байр нь 1971 онд ашиглалтад оржээ. Мөн л их засвар хийх шаардлагатай гэдгийг албаны хүмүүс хэлж байсан юм. Ашиглалтад орохдоо 920 хүүхдийн багтаамжтай гэж байсан ч өнөөдрийн байдлаар 1700 хүүхэд хичээллэж байна. Биеийн тамирын талбайн доогуур дулааны шугам байдаг бөгөөд барилгын үеэр үүнийг мөн янзална гэж байсан юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, хотын төвд байрлалтай, байршил сайтай ихэнх сургууль газраа алдаад дууссан гашуун түүх бий. Тиймээс биеийн тамирын талбайд зөвхөн сургуулийн өргөтөл барина гэж байгаа ч мөнгөний төлөө газрын ашигтай наймаа явагдчих вий гэсэн хардах хүмүүс цөөнгүй байгаа юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж