Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
-“Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа” авах ажлыг ирэх есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулна. Заавал судалгаа авах шаардлагатай байсан юм уу?
-Яг одоогоор манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай байна. Валютын нөөц нэмэгдэж, гурван тэрбум ам.доллар байна. Улсын төсвийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн байдлаар ашигтай гарсан. Оноос хойш өнөөдрийг хүртэл 4 их наяд орчим төгрөгийн өрийг төлөөд байна.
Өнгөрсөн зургаадугаар сард хамгийн их өр буюу 753.3 тэрбум төгрөгийн өр төлсөн. Энэ нь 2018 онд төлөгдөх өрийн 70 орчим хувийг бид эхний хагас жилд төлсөн. Он гарсаар Монгол Улс Чингис бондын 500 сая ам.долларын өрийг мөн 1 тэрбум юаний Дим Сам бондын эцсийн төлбөрийг төлж барагдууллаа. Монгол Улсын эдийн засаг сайжирч, зээлжих зэрэглэл нэг шатлалаар нэмэгдсэн байгаа.
Энэ бүхнийг харахад эдийн засагт эерэг хандлагууд нэлээд гарч байна.
-ОУВС-гийн төлөөлөгчид энэ лхагва гаригт ирж, хөтөлбөрт ээлжит үнэлэлт дүгнэлтээ хийнэ гэсэн. Энэ үеэр цалин хөлсийг нэмэх асуудлаар ярилцах уу?
-Бид ОУВС-тай цаашдаа хамтын ажиллагаа үргэлжлүүлж, цалин нэмэх асуудлаар ярилцана.
-Өнгөрсөн зургаадугаар сард нийт 753.3 тэрбум төгрөгийн өрийг дарахад нэг цагт нэг тэрбум төгрөгийн өр, төлбөрийг барагдуулж байна гэсэн тооцоолол гарсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар цагт хэдэн төгрөгийн өр төлбөрийг барагдуулж байна вэ?
-УИХ-аас 1.2 их наяд төгрөгийг хүүд төлөхөөр баталж өгсөн. Сангийн яам 2017 оны төгсгөлд өндөр хүүтэй дотоодын бондуудаа урьдчилан төлөх, хүүг нь бууруулах чиглэлийн гэрээ хэлэлцээрүүдийг нэлээд хийсэн. Үүний үр дүнд энэ онд 860 тэрбум гаруй төгрөгийг хүүд төлнө гэсэн тооцоололтой байна.
-Засгийн газрын зээл нэмэгдсэн үү. Энэ жил шинээр зээл авсан уу?
-УИХ-аас 2018 оны төсвийг батлахдаа Засгийн газарт 1.4 их наяд төгрөгийн дотоодын болон гадаадын үнэт цаас гаргах зөвшөөрлийг өгсөн. Бид нэг ч төгрөгийн өндөр хүүтэй болон арилжааны нөхцөлтэй зээл аваагүй. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийнхөө мөнгөөр энэ бүх өрийг төлөөд явж байна. 2016 оны төгсгөлд Монгол Улсын өрийн дарамт ДНБ-ий 80 хувьд хүрсэн байна. Энэ оны төгсгөлд 60 хувьд, 2019 онд 50 хувь руу оруулна. Монголчууд бид авсан зээлийнхээ өрөнд 1.4 их наяд төгрөг төлдөг байсан. Цалингийн сан нь 1.7 их наяд байхад 1.4 их наядыг зөвхөн зээлийн хүүд төлдөг. Өрийн дарамт аль хэдийнээ улсын төсвийг идээд эхэлчихсэн. Хэрэв ийм их хэмжээний мөнгийг авсан зээлийн хүүд төлдөггүй байсан бол 700 км гаруй автозам барьж болох мөн цэвэрлэх байгууламж барихад хангалттай хүрэлцэх мөнгийг бид зөвхөн өнгөрсөн зургаадугаар сард зээлийн хүүд төлсөн. Өрийн дарамт эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Тийм учраас Засгийн газар төсвийн сахилга бат сахиж ажиллаж байгаа.
-Хятадын Засгийн газрын нийт 300 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр баригдах цэвэрлэх байгууламжийг эхлүүлэхэд Хятадын тал өөрийн ТЭЗҮ боловсруулах болсноор хойшилсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Ташаа мэдээлэл. Цэвэрлэх байгууламж барих асуудлаар би өөрөө Хятадад очиж ажиллаад ирсэн. Уг асуудлаар Хятадын талтай ойлголцоод явж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж барих тендерийг хятадын компаниудын дунд зарлан явуулна. Хятадын талаас гүйцэтгэгч компаниудын нэр ойрын үед ирнэ гэсэн хүлээлттэй байгаа.