БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл, түүний гэргий Мариеме болон Ерөнхий сайд Мохаммед Дионе нар нисэх онгоцны буудалд хүлээн авсан байна.
Ши Жиньпин БНХАУ-ын даргаар сонгогдсоноос хойш дөрөв дэх удаагаа Африк тивд айлчлал хийж байгаа бол Баруун Африкийн Сенегалд БНХАУ-ын даргын хувиар анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм. БНХАУ-ын дарга Сенегалын төлөөлөгч, ард иргэдэд хандан үг хэлэхдээ, нөхөрсөг харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагаа салбар бүрт амжилттай хэрэгжиж, хурдацтай хөгжиж байна гэж дурдаад, хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, хамтын ажиллагааг олон чиглэлээр өргөжүүлнэ гэж Маки Салл бид хоёр 2016 онд тохиролцсон гэдгийг онцлон тэмдэглэв. Үүний дараа тэрбээр Сенегалын төрийн тэргүүнтэй уулзалт хийж хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн илүү ажил хэрэгч үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байна. Мөн хоёр удирдагч хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт тэр дундаа “Бүс ба зам” төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцжээ.
Тэрбээр энэ айлчлалын дараа Руанда, Өмнөд Африкт төрийн айлчлал хийж, Йоханнесбург хотноо болох БРИКС-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцоно.
Эх сурвалж: ССТВ
Холбоотой мэдээ