Н.Энхболд: Үер усны аюулаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Н.Энхболд: Үер усны аюулаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй

Н.Энхболд: Үер усны аюулаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй

Улсын Онцгой комиссын хуралдаан өнгөрсөн Баасан гарагт болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгсөн. Уг хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангаж ажиллах зорилгоор Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын Онцгой комиссын орлогч дарга Н.Энхболд Төв аймгийн Борнуур суманд ажилласан байна.


– Долдугаар сарын дунд үеэс эхлэн орсон аадар борооны улмаас Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг Улаанбаатар хотод үер болж, ихээхэн хохирол амсаад байна. Та өчигдөр Төв аймгийн Борнуур суманд ажиллаад ирлээ. Нөхцөл байдал ямар байна вэ?

– Энэ жил бороо хур арвинтай, ойрын хэдэн жил ороогүй усархаг бороотой жил болж байна. Үүнээс болоод хэд хэдэн газар үер болж, багагүй хэмжээний хохирол учраад байна. Ерөнхий сайд өөрөө ахлаад Улсын Онцгой комиссыг хуралдуулсны дараа би тус комиссын дэд даргын хувьд хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, албажуулж холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад хүргүүлэх, үерийн хохирлыг арилгах  тал дээр анхаарч ажиллаж байна.

Өчигдөр Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа. Борнуур сум болон ойр хавийн бусад газруудад хоёр удаа их хэмжээний үер буусан. Ялангуяа сумын төв нь үерт автаж, сумын төв рүү очдог гүүр, зам эвдэрсэн. Олон айл өрх, албан байгууллага үерийн усанд нэрвэгдсэн байсныг газар дээр нь очиж үзэж, үер усны хохирлыг арилгах төлөвлөгөөний дагуу ажиллаад ирлээ.  Энэ төлөвлөгөөний дагуу цэргийн зарим анги салбараас хугацаат цэргийн албан хаагчдыг дайчилж, сумын төвийн нийтийн хэрэгцээний газруудыг цэвэрлүүлэх, ариутгуулах ажлыг зохион байгуулж байна. Цэцэрлэг, сургууль, захиргаа, төрийн бусад байгууллагууд үерт нэлээд нэрвэгдсэн учраас одоогоор хохирлыг тогтоох ажил хийгдэж байна. Ойрын үед Улсын Онцгой комиссоос албан ёсоор үнэлгээг нь мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж, хохирлыг барагдуулах арга хэмжээ авна.

Мөн үерийн улмаас хамгийн их хохирол учирсан аймаг бол Баян-Өлгий. Тус аймаг руу эхний ээлжийн тусламжууд явсан. Тэнд мөн адил цэргийн ангиуд ажиллаж байна. Яагаад үүнийг би тодотгож ярьж байна гэхээр төрийн цэргийн байгууллагууд гэдгийг хуулиар албан ёсоор тогтоогоод Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Дотоодын цэрэг зэрэг төрийн цэргийн байгууллагууд улс оронд ямар нэгэн үйл явдал болоход тухай тухайн байгууллагуудын чиглэлээр ахалж оролцоод бусад нь дэмжиж ажиллаж байх хууль, дүрэмтэй. Тийм учраас холбогдох байгууллагууд урьдчилаад тайван цагт хийсэн төлөвлөгөөний дагуу ажилладаг гэдгийг тодотгож хэлэх гэсэн юм. Энэ удаа гэхэд үерийн аюул болоход Онцгой байдлын ерөнхий газар ахлаад, үүнд нь бусад байгууллагууд туслалцаа дэмжлэг үзүүлээд ажиллаж байна. Энэ төлөвлөгөөнд зааснаар Төв, Баян-Өлгий аймагт болсон үерийн хохирлыг арилгах ажлыг зохион байгуулж байгаа юм.

– Үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон болов уу?

– Нэлээд их хэмжээний мөнгөн хөрөнгөний дүн гарах тооцоо гарч байгаа. Одоогоор эцэслэгдээгүй байна. Яамдаас мэдээллээ авч нэгтгээд долдугаар сарын сүүлээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх байх. Эхний ээлжинд Засгийн газрын нөөцөөс гаргах хөрөнгөөс туслалцаа дэмжлэг үзүүлээд явж байна. Цаашлаад Баян-Өлгий аймагт болон бусад газруудад эвдэрсэн зам, гүүрийг засварлах, шинэчлэх ажлыг хийнэ. Нөөц хөрөнгөнөөс ч юм уу, орон нутгийн одоо байгаа төсөв хөрөнгөөр хийх боломжгүй их хэмжээний хохирол учирсан. Бид үүнийг шийдвэрлэх шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөөд холбогдох байгууллагуудтайгаа хамтраад ажиллаж байна.

– Долдугаар сарыг дуустал ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байна вэ?

– Ус цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарыг дуустал бороо ус ихтэй байхыг анхааруулсан. Улсын Онцгой комиссын дэд даргын хувьд ард иргэд, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг сануулмаар байна. Хуулийн дагуу үерээс хамгаалах, үерийн аюулаас сэргийлэх, үерийн хор уршгийг арилгах ажилд хүн бүр оролцох хэрэгтэй. Сая гэхэд Борнуур суманд очиход зарим байгууллага бүх хүмүүсээ цуглуулаад нийтийг хамарсан гамшиг боллоо гээд ажиллаж байхад зарим нэг нь амралтаа аваад явчихсан, дуудагдсан мөртлөө ирээгүй байх зэрэг жишээтэй. Энэ бол ялангуяа төрийн албан хаагчдын ухамсрын асуудал. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Гэтэл сургууль, цэцэрлэг нь үерт автаад, үүдээр нь дүүрэн лаг шавар, бохирдол болчихоод байхад надад ямар хамаа байхав гэсэн хандлагатай байж болохгүй. Багш нар бол хамгийн түрүүнд ирээд орчин тойрноо цэвэрлээд үерийн хохирлыг арилгах ажилд гар бие оролцох нь зүйтэй л баймаар. Энэ талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгөөд байна. 

Ер ч манайхан ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болох юм даа. Ялангуяа Улаанбаатар хотод тод мэдэгдэж байна. Жилийн жилд үерийн ус урсдаг газар гэрээ аваачаад барьчихдаг, барилга байгууламжаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр барьдаг. Зөвшөөрөл өгөөд барьсан бол тэр зөвшөөрлийг нь өгсөн хүний буруу байх ёстой. Зөвшөөрөлгүй бол тэр байгууллага, иргэд өөрсдөө буруу зүйл хийснээ ойлгодог, ухамсарладаг байх хэрэгтэй л дээ. Эндээс л урьдчилан сэргийлэх ажил эхлэх ёстой юм.  Их хэмжээний бороо, ус ороход хаагуур яаж урсдаг вэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд тооцоод энүүгээр суваг татна, тэрүүгээр зам тавьж болохгүй гэх мэтчилэн тооцчихсон байгаа шүү дээ. Үүнийгээ л мөрдөх хэрэгтэй. Зөвхөн гай гамшиг, онцгой байдал үүссэн тохиолдолд л хэдэн хүн араас нь санаа зовоод явдаг байдлаар биш иргэн бүр ухамсартай хандах хэрэгтэй юм. Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд худалдаад авчихсан газар дээр цахилгаан дамжуулдаг маш том шугамын суурийг тавих боломжгүй учраас өөр газар барьчихдаг. Тэгээд их бороо ороод үер буухаар нөгөөх нь урсаж уначих гээд байдаг.  Хэрэв уначихвал Улаанбаатар хотоос урагш байгаа бүх байгууллага цахилгаангүй болох нөхцөл байдал үүсчихсэн байгааг Эрчим хүчний дэд сайд өчигдөрхөн телевизээр ярьсан шүү дээ. Үүнийг зохицуулах хууль, дүрэм журам байгаа л байх. Зөвхөн албан байгууллага гэлтгүй хувь хүнд ч гэсэн нийгмийн хариуцлага гэдэг зүйл бий. Энэ талаас нь хандаасай гэсэн нөхцөл байдал яахын аргагүй гарч байна. Урьдчилан сэргийлэх ажлыг үүнээс л эхлүүлмээр байгаа юм.

– Ярилцсанд баярлалаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж