УИХ-ын нэр бүхий 25 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулахаар наадмын өмнө УИХ-ын даргад хандсан. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар болсон. Тус байнгын хороогоор ээлжит бус чуулган зарлах хуулийн үндэслэл байгаа эсэх, 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах боломжтой эсэхийг хэлэлцэх юм.
Гэвч ихэнх гишүүд тойрогтоо ажиллаж байгаа тул Байнгын хороог хуралдуулах ирц хараахан бүрдэхгүй байгаа аж. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн хувьд энэ долоо хоногийн сүүлээр буюу долдугаар сарын 28-нд Говь-Алтай аймагт болох Наро Банчин хийдийн ёслолд оролцох аж. Энэ арга хэмжээнд оролцохоор Ш.Раднаасэд гишүүн маргааш Говь-Алтай аймгийг зорино гэж зарим эх сурвалж хэллээ. Тэгэхээр Хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногт хуралдахгүй байх магадлалтай юм.
Т.НОМИН