Супер баатрууд шиг байшин дээгүүр дүүлэн нисэх мөрөөдөл орчин үед хэдийнэ биеллээ олжээ. ‘Төмөр хүн’ нэртэй бие даан нисэх зориулалттай бүтээгдсэн тус өмсгөлийг Лондоны Селфриджес их дэлгүүрээс 442.396 ам.доллароор худалдаж авах боломжтой юм.
3D хээ оруулсан тус өмсгөл нь 22 кг жинтэй, таван жижиг хэмжээний тийрэлтэт хөдөлгүүрүүд нь гарын шууны хэсэгт байрлаж өгнө. Дизель түлшээр ажилладаг. Хөдөлгүүрийн хүчин чадал нь 50 км цагийн хурдаар 4000 метрийн өндөрт нисэх чадвартай. Энэхүү амжилтаараа Гиннесийн номд багтжээ. Өдгөө 39 настай Браунин нисдэг хувцсыг зохион бүтээхийн тулд 2 жил зарцуулсан байна.
Түүний эцэг зохион бүтээгч, нисэхийн инженер мэргэжилтэй. Мөн эцгийнх нь өвөө дайны үед агаарын армийн нисгэгч байсан бөгөөд эхийн талын өвөө нь нисдэг тэрэг үйлдвэрлэдэг байжээ.
Браунинг нисдэг хувцас зохион бүтээх болсон шалтгаанаа тайлбарлахдаа ‘Миний аав, хоёр өвөө бүгдээрээ нисэх хүчний салбарын мэргэжилтэй учраас би багаасаа л онгоцоор тоглож, нисэхтэй холбоотой бүх зүйлийг мэдэж ирсэн. Супер баатар, комик номд гардаг шиг супер баатруудыг бодит байдал дээр яагаад бий болгож болохгүй гэж бодоод нэг өдөр зүгээр л хөгжилтэй байдлаар нисдэг хувцас хийгээд үздэг ч юм уу гэж бодсон. Гэхдээ би үргэлж л зохион бүтээгчийн хувиар ямар нэгэн гайхалтай бүтээлтэй болох юмсан гэж их боддог байсан юм. Нисдэг хувцас зохион бүтээх санаа биеллээ олж туршигдах хэмжээнд хүрсэнд нь би их баяртай байна. Хүмүүст гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна’ гэжээ.