Цэцэрлэгийн цахим бүртгэл эхлэхэд 2 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхлэхэд 2 хоног үлдлээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхлэхэд 2 хоног үлдлээ

Нийслэлийн Боловсролын газраас (НБГ) цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэлийн талаар өнөөдөр /2018.7.23/ мэдээлэл хийлээ.

Цэцэрлэгийн бүртгэл эхлэхэд хоёр хоног үлдээд байна. Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй цахим бүртгэлд энэ удаад хэд, хэдэн өөрчлөлт оржээ. Тухайлбал, өнгөрсөн жил зөвхөн хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэсэн бол энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлэх юм байна. Ингэснээр өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах аж. 

НБГ-ын дарга Ж.Гантулга “Хоёр настнуудыг бүгдийг бүртгэж, 3-5 настай хүүхдийг харьяалагдах цэцэрлэгт нь орон тоо байгаа эсэхээс хамааран бүртгэнэ. Сул орон тоо гарсан тохиолдолд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд эцэг, эхчүүд системээс ороод харах боломжтой. Мөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг хоёр настайд тооцон цахимаар бүртгэнэ. Харин есдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд сараараа тооцохоор хоёр нас хүрээгүй байх учир бүртгүүлээд элсэлт нь баталгаажсан тохиолдолд хоёр нас хүрмэгцээ буюу арав, арваннэг, арванхоёрдугаар сараас цэцэрлэгтээ явж эхэлнэ” гэлээ.

Түүнчлэн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх үйл явц хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Эхний шатанд цахим бүртэл явагдана. Бүртэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-нийг дуустал үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 9.00 цагт хоёр дахь шат “Цахим элсэлт” явагдаж, санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгогдох аж. “Цахим элсэлт”-ээр хүүхэд цэцэрлэгт элсэх боломжтой болсон эсэхийг бүртгэл хийхдээ ашигласан гар утасны дугаарт зурвасаар илгээж мэдээлэх юм байна.

Бүртгэл Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд уг системд 2-5 настай бүх хүүхдийн мэдээллийг оруулжээ.  Эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг болон хамран сургах тойргийн харьяа цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ.

Мөн цахим бүртгэлд хамаарахгүй цөөн тохиолдол байгаа аж. Үүнд тусгай, сувиллын, 24 цагийн, байгууллагын цэцэрлэг болон зорилтот бүлгийн хүүхдүүд багтах юм байна.

Урьдчилсан мэдээллээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 146 мянган хүүхэд байгаагийн 114 мянгыг нь цэцэрлэгт хамруулах ажээ.

Мөн хүүхэд харах үйлчилгээний 143 төвд 2106 хүүхэд хамрагдах боломжтой аж. Энэ тооцооллоор цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой ажээ. 

 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж