Тур де Франс олон өдрийн уралдааны 15 дахь гараа өнгөрсөн ням гаригт Францын баруун өмнөд нутагт 181.5 км-н уулын замд боллоо. Тус гараанд “Астана” багийн Дани дугуйчин Магнус Корт Нильсен 4 цаг 25 мин 52 сек-н амжилтаар тэргүүлсэн бол түүний араас “Бахрейн Мерида” багийн Испани дугуйчин И.Изаирре, “Трек-Сегафредо” багийн Нидерланд дугуйчин Б.Моллема нар эхний 3 байранд орсон байна.
Дани дугуйчин М.Нильсен тус гараанд түрүүлснээр өөрийн карьертаа анх удаагаа Тур де Франс уралдаанд ялагч болж байна. 2012 оноос мэргэжлийн карьераа эхлүүлж байсан Дани залуу М.Нильсен өмнө нь Гранд тур ангиллын уралдаануудаас Вуэльта Испаниа уралдаанд 2016 онд хоёр гарааны ялагч болж байжээ.
Өнөөдөр Тур де Франс уралдаан завсарлаж байгаа бөгөөд маргааш уралдааны 16 дахь гараа уулын замд болно. Нийт 21 гараа зохиогдохоос 15 гараа явагдаад байна. Уралдааныг нийлбэр дүнгээр “Тим Скай” багийн Их Британи дугуйчин Ж.Томас 62 цаг 49 мин 47 сек-н амжилтаар тэргүүлж шар цамцыг эзэмшиж байгаа. Түүний араас К.Фрүүм 1 мин 39 сек, Т.Дюмулин 1 мин 50 сек-н алдагдалтай бичигдэж байна.
Б.БЯМБАБАЯР