Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх зам засварын төсөл”-ийн 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.07.23/ Сангийн яаманд боллоо.
Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар тус гэрээнд гарын үсэг зурав. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцов.
Уг хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, мөн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх өндөр ач холбогдол бүхий Улаанбаатар-Дархан чиглэлд өргөтгөл шинэчлэлт, Дархан-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатар Дархан чиглэлийн автозам дагуу судалгаа хийхэд эвдрэл, гэмтлээс гадна огцом эргэлт, өгсөлт, уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс хамгийн их осол аваар гардаг есөн хар цэг тэмдэглэгджээ. Эдгээр цэгт зам засвараас гадна өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин, замын тэмдэг тэмдэглээг сайжруулах зэрэг ажлыг хийх аж.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез:
‘Сайн замыг дагаж нийгэм, эдийн засагт олон сайн боломжууд бий болдог. Нийгмийн үйлчилгээ ойртож, эдийн засагт гарц нээгддэгээрээ ач холбогдолтой. Ийм чухал төсөлд гарын үсэг зурсандаа баяртай байна’ гэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ:
‘Энэ зам манай улсын хувьд эдийн засгийн маш чухал ач холбогдолтой. Үүнийг ойлгож АХБ бидэнд тусалж, бүс нутгийг хөгжүүлэх төслийн хүрээнд дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Улаанбаатар-Алтанбулаг буюу Дарханы замыг өргөтгөн шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна. Нийт 310 км замын ажлыг энэ жилдээ багтаан эхлүүлэхийн тулд бид бүх хүчин чадлаараа мэрийж ажиллана. Энэ зам Монголчуудын хувьд үр өгөөжтэй зам байна гэдэгт итгэлтэй байна. Зургийн явцад илүү тодорхой болж хаана нь гүн өөрчлөлтийг хийх үү гэдэг нарийвчласан зураглалууд нь гарч ирнэ. Замын ажлыг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна. Харин гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны тавьсан шалгуурын дагуу сонгон шалгаруулна” гэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замын ажил дээр хугацаа алдсан. Учир нь энэ замыг концессын гэрээгээр шинээр барина гээд гэрээ зурсан байсан. Гэвч гүйцэтгэгч компани эдийн засгийн тооцооллоо хийгээд, санхүүжилт босгож чадахгүй болсноор замын ажлыг гүйцэтгэх боломжгүй болохоо Засгийн газарт мэдэгдсэн. Уг мэдэгдлийг авангуутаа бид АХБ-тай ярилцаж, харьцангуй богино хугацаанд зээлийн гэрээ байгууллаа’ гэв.
Энэхүү 60 сая ам.доллар нь 150 тэрбум төгрөг их мөнгө. АХБ-ны ердийн зээл гэсэн ангилалд багтаж байгаа юм. Нийт 27 жилийн хугацаатай бөгөөд эхний долоон жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Харин дараагийн 20 жилд үндсэн зээл дээр нэмэх нь 0.6 хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлөөр уг замын өргөтгөл, шинэчлэлийн гэрээ байгуулж байна.