
Салах аль-Дин дүүргийн оршин суугчдын ярьж буйгаар хурандаа Каддафийн хүү Хамисын удирдсан цэргүүд ойролцоох цэргийн бааз руу дүрвэхээс өмнө энгийн иргэдийг цаазалсан ажээ. Нэгэн гэрчийн ярьснаар "Рамадан дуусахын үед бид буун дуу болон тусламж эрэн хашгирч буй хүмүүсийг сонссон. Гэвч мэргэн буучид хаа сайгүй байсан учраас ойртож очих боломж гараагүй” гэжээ. Өнгөрсөн баасан гаригт Триполи хотын Абу Салим дүүргийн нэгэн эмнэлгээс мөн 200 цогцос олдсон бөгөөд эмч сувилагч нар мөргөлдөөний үеэр дүрвэсэн тул үхлүүт өвчтөнүүдийг орхижээ. Сөргөлдөгч хоёр тал тасралтгүй гал нээж байгаагаас Триполи хотын гол зам хар утаа, түймэрт автаж, хаа сайгүй дэлбэрэлт, бөмбөгдөлт үргэлжилж байгаа талаар тус хотод байгаа олон улсын мэдээллийн агентлагийн сурвалжлагчид мэдээлж байна.
НАТО Триполи хотод агаарын довтолгооныг үргэлжлүүлж сүүлийн 24 цагийн дотор 29 удаа агаараас дайралт хийсэн байна. Хурандаа Муаммар Каддафийн хувь заяа хэрхэх бол гэсэн сурвалжлагчийн асуултад “Ливийн үндэсний зөвлөлийн Махмуд Шаммам эх орноосоо дүрвэсэн удирдагчийг удахгүй барина. Нэг газраас нөгөө рүү дүрвэж яваа Муаммар Каддафи болон түүний хөвгүүдийг хэн ч аварч чадахгүй” гэжээ. Хурандаа Муаммар Каддафийг Триполи хотод бүгэж байгаа гэдэг мэдээлэл байгаа аж. Хэрэв Каддафи нийслэл хотоос дүрвэн гарсан бол Алжир руу явах магадлал өндөр гэж ажиглагчид таамаглаж байна. Учир нь Алжир Ливийн удирдагчид орогнол өгч болох хөрш орнуудын сүүлчийнх бөгөөд Муаммар Каддафийн эхнэр, охин Алжир руу хэдийн дүрвэн гарсан ажээ. Харин Алжирийн гадаад хэргийн сайд дээрх мэдээллийг эрс үгүйсгэж, баасан гаригаас эхлэн тус улс хилийн хамгаалалтаа чангатгасан гэж мэдэгдсэн байна.