Авто спортын формула-1 уралдааны энэ оны 11 дэх гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы Хоккенхайм дахь 4 км 574 м урт “Хоккенхаймринга” авто тойрууллагад боллоо. Өнгөрсөн улирлын хуваарьт багтаагүй байсан Германы гараанд нутгийн тамирчин С.Феттел урьдчилсан тестийн гараанууд болон байрлал тогтоох уралдаанд тун өнгөтэй байв. Гэвч тэр ням гаригт болсон үндсэн гараанд амжилтгүй уралдаж нутаг нэгтнүүддээ ялалтын бэлэг барьж чадсангүй.
Германы гараанд С.Феттел хамгийн шилдэг нь байж үндсэн гараанд тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлэх эрхтэй болсон. Харин түүний өрсөлдөгч Л.Хэмилтолн 14-р гараанаас гарсан. Энэ нь нутгийн тамирчин С.Феттелийн түрүүлэх боломжийг, нийлбэр дүнгээр тэргүүлж буй тэргүүллээ хадгалан үлдэх таатай боломжийг бий болгоод байсан. Гэвч уралдаан өндөрлөхөөс 16 тойргийн өмнө С.Феттел уралдааны замыг орхисноор нутагтаа түрүүлэх боломжоо алдсан. Түүний бүтэлгүйтэж байх үед хүчтэй өрсөлдөгч Л.Хэмилтон уралдааны замаа амжилттай дуусгаж тэргүүн байр эзэлснээр дэлхийн аваргыг нийлбэр дүнгээр тэргүүлэх эрхтэй болсон.
Германы гранпригийн онооны бүсэд багтсан нисгэгчид:
- Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 32 мин 29.845 сек
- В.Боттас “Мерседес” – +4.535 сек
- К.Райкконен “Феррари” – +6.732 сек
- М.Верстаппен “Ред Булл”
- Н.Хюлкенберг “Рено”
- Р.Грожьян “ХААС”
- С.Перез “Форс-Индиа”
- Э.Окон “Форс-Индиа”
- М.Эрикссон “Заубер”
- Б.Хартлей “Торо-Россо”
Ийнхүү Мерседес баг Германы гранприд давхар цохилт хийж эхний хоёр байрыг эзэлсэн бол тэдэнтэй хамт Феррари багийн К.Райкконен шагналын тавцан дээр гарсан. Харин Д.Риккиардо, С.Феттел, Ф.Алонсо болон Уилльямс багийн Л.Строл, С.Сироткин нар уралдааны замаа дуусгаж чадаагүй. С.Феттел бүтэлгүйтсэн бол Уилльямс баг багаараа бүтэлгүйтсэн.
Б.БЯМБАБАЯР