Брюно Ле Мэр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа "Худалдааны дайн – бодит байдал, энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй гэдгийг Их-20 бүлэг ойлгож байгаа" гэв. Мөн тэрбээр Парис Берлин хоёр Вашингтоныг ган болон хөнгөн цагаанд ногдуулсан татвараа чөлөөлөхийг хүлээж байгаа. Хэрвээ Вашингтон татвараа чөлөөлөөгүй тохиолдолд цаашид ямар нэгэн яриа хэлэлцээ хийхгүй. АНУ-ыг асуудалд ухамсартай хандаж, олон улсын дүрэм, журам болон холбоотнуудаа хүндэтгэхийг уриаллаа.
Үүнээс гадна, худалдааны дайн ажлын байрыг сүйрүүлж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг Брюно Ле Мэр тодотгов.
Хэрвээ Европын холбоо болон АНУ-ын хоорондох татварууд чөлөөлөгдсөн тохиолдолд АНУ худалдааг чөлөөлөх болон ‘Их-7’-ийн бүлгийн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээ хийхэд бэлэн тухайгаа Сангийн сайд Стивен Мнучин өмнө нь мэдэгдэж байсан удаатай. Энэ тухай тэрбээр Аргентины нийслэл Буэнос-Айрест зохион байгуулагдсан ‘Их-20’-ийн орнуудын Төв банкны тэргүүн, Эдийн засгийн сайд нар болон Олон улсын зарим байгууллагын төлөөлөгч нарын уулзалтын үеэр мэдэгдсэн билээ. Энэ үеэр Олон Улсын Валютын Сангийн тэргүүн, хатагтай Кристин Лагард худалдааны хязгаарлалтын үр дүнд дэлхийн үйлдвэрлэл 0.5 хувиар багассан хэмээн хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд мэдэгдсэн билээ. Өмнө нь, тэрбээр Орос, Хятадын эсрэг авч буй АНУ-ын эдийн засгийн бодлогын улмаас дэлхийн ДНБ 1.5 хувиар буурах магадлалтай байгаа тухай анхааруулж байсан юм.
АНУ бүхий л талбарт худалдааны дайн зарлаж байна. Тэд ОХУ, БНХАУ болон Европын холбоотой худалдааны дайн зарласан. Иймээс нэгэнд нь хөнгөлөлт үзүүлбэл, бусад нь барьцах нь ойлгомжтой. Худалдааны дайнд Европын холбоо хэдэнээ дургүйцлээ илэрхийлсэн ч тэд АНУ-ын эсрэг зогсож чадахгүй. Учир нь Европын холбоо АНУ-аас улс төрийн хувьд хараат хэмээн шинжээчид тайлбарлаж байна.
Өнгөрсөн зургадугаар сарын 1-ээс Европын холбоо, Канад, Мексикээс АНУ-руу тээвэрлэж буй ган, хөнгөн цагаанд татвар ногдуулж эхэлсэн. Харин Брюссель зургадугаар сарын 22-оос хариу татвар ногдуулсан. Эдгээрийн нийт үнийн дүн нь 2.8 тэрбум еврогийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд хамааралтай.
Үүсээд буй асуудалд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тайлбар хийхдээ, Европын холбоо худалдааны салбарт хэн нэгний тушаал шийдвэрт захирагдахгүй гэдгээ мэдэгдсэн.
Гэхдээ энэ бол дэлхийн худалдааны салбарт нөлөөлөх том үйл явдал биш. Худалдааны том дайн АНУ болон БНХАУ-ын харилцаанд илүү илэрч байгааг судлаачид онцолж байна. Долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн БНХАУ-аас АНУ- руу тээвэрлэж буй нийт үнийн дүн нь 34 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулж эхэлсэн. Бээжин ч ялгаагүй хариу арга хэмжээ авсан. БНХАУ-ын Худалдааны яам үүсээд буй нөхцөл байдлыг ‘Эдийн засгийн томоохон дайн’ хэмээн тодорхойлов.
Харин өнгөрөгч баасан гаригт /2018.07.20/ CNBC телевизийн мэдээлж буйгаар, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 505 тэрбум ам.долларт татвар ногдуулахад бэлэн буйгаа мэдэгдсэн юм.