Асашёорюү аварга намын чуулган зохион байгуулаад завгүй явна. Тэрбээр Ерөнхийлөгчийн Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчөөр ажиллаад нэг жил болж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үед гаргасан мэдэгдэлд дурдсанаар Асашёорюү Д.Дагвадорж нь спорт, соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр талын харилцааг бэхжүүлэх үүргийг нэг жилийн хугацаанд гүйцэтгэх байсан. Энэ хугацаа дуусахад сунгах эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Харин энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд эхэлсэн Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018”-ын ерөнхий зохион байгуулагчаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж ажиллаж байгаа нь сонирхолтой байлаа.
Өвөрхангай нутгийн хувьд аваргын уугуул нутаг нь гэдгээрээ онцлогтой. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүний идэвх сэтгэл гаргаж ганцаарчлан ажилласан шууд бичлэгүүд ялалт авчирсан нь АН-ынхныг хүртэл гайхашруулсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Ямартай ч ирэх УИХ-ын сонгууль Их аварга Д.Дагвадоржийн хувьд тун идэвхтэй болох нь мэдээж. Учир нь тэр маш бага магадлалаас том ялалтыг аврахад хүчин чармайлт оруулсан. Үүнээсээ хойш намтайгаа илүү ойр ажиллах болсон нь анзаарагдсан. Харин одоо тэр эрч хүчээрээ намаасаа зохион байгуулж буй бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулж эхэллээ. Аварга Д.Дагвадорж одоогийн Ерөнхийлөгчийг сайд байхад нь түүнээс Ардчилсан намын бат илэрхийлэхийг гардан авсан тэр өдрөөс хойш таван жил өнгөрчээ. Тухайн үед Д.Дагвадорж аварга “Миний хувьд түүхэн сонголт хийлээ. Би ухаан орсон цагаасаа ардчиллыг дэмжсэн” хэмээн товч тайлбар хийсэн. Мөн түүний Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “оймсоо гозолзуулан” баривчлагдахад дэргэд нь байснаа хүний мөс, жудагтай холбон тайлбарлаж байсан нь ч олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлсэн байдаг.
Э.ОРШИХ