“Өмнө нь 1.30 цагт амжуулдаг байсан ажлаа түрээсийн дугуйгаар 40 минутад амжууллаа. Дэлхийн томоохон хотод түрээсийн дугуй байдагтай адил Улаанбаатар хотод маань түрээсийн дугуйтай болжээ. Соёлтой хэрэглээрэй’ гэж Сүхбаатар дүүргийн иргэн Б.Баттогтох дугуйгаа зогсоол дээр байрлуулахдаа хэллээ.
Түүний ярианаас түрээсийн дугуй үйлчилгээ нийслэлд нэвтрээд удаагүй ч хэрэглээнд аль хэдийнэ нэвтэрснийг харж болохоор байлаа.
Одоогоос арваад хоногийн өмнө түрээсийн дугуй үйлчилгээ нэвтэрснээр иргэд замын түгжрэлд орохгүйгээр, хотын гудамжаар чөлөөтэй зорчих боломжтой болсон юм. Түрээсийн дугуйн үйлчилгээний нэг цагийн хөлс 1000 төгрөг, хоёр цаг нь 1500 төгрөг, гурван цаг нь 2000 төгрөг байхаар тооцжээ. Энэ нь тогтоосон хүрээлэл доторх үнэ юм. Харин хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно. Үйлчилгээг авахын өмнө буюу анх бүртгүүлэхдээ 10 мянган төгрөгийн хураамж төлөх бөгөөд дансаа цэнэглэснээр таны дугуй унах эрх нээгдэх юм. Ингэснээр өөрт ойрхон зогсоолоос өөрийн сонгож авсан дугуйны QR кодыг уншуулж дугуйны түгжээг тайлна. Дугуйг зөвхөн хамрах хүрээн дотор зогсоолоос зогсоолын хооронд 22.00 цаг хүртэл унах юм.
Хэд хэдэн удаа дугуй хулгайлах оролдлого гарсан
Энэ хугацаанд дугуй хэрэглээнд хэр нэвтэрсэн эрэлт нь ямар байгааг Никель Ганбаа ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашнямаас тодрууллаа. Улаанбаатар хотын захирагч ажлын албанаас санаачлан зохион байгуулж буй эл төслийн хамтран оролцогч нь тус компани юм.
-Дугуй үйлчилгээ хэрэглээнд нэвтэрснээс хойш эвдрэл гэмтэл хэр гарч байна вэ?
-Техник юм болохоор эвдрэл гарч байна. Тухайлбал, дугуй хагарах, хонх цацруулагч нь алга болох, гар хугарсан гэх мэт тохиолдлууд бүртгэгдсэн. Гар хугарсан тухайд бол дугуйтайгаа онхолдсон эсвэл хүчтэй цохисноос үүдэн хугарсан байж болзошгүй. Гар хугарсан тохиолдлын дараа нэг хэрэглэгчээс хоёр гарыг холбож гагнаад илүү бат бөх болгож болох уу гэдэг санал ирсэн. Бид саналыг судлаад нэмж хөндлөвч нэмж гагнаж байгаа. Техник гэдэг утгаараа байнгын засвар үйлчилгээ хийгдэж байх ёстой учраас алга болсон хонх цацруулагчийг нөхөж суурилуулаад дахин үйлчилгээнд гаргана. Мөн дугуй хагарлаа гэхэд хэрэглэгчээс нөхөн төлбөр авахгүй байгаа. Учир нь энэ бол гарч болох эрсдэл юм. Энэ мэтчилэн хэрэглэгчдэдээ аль болох тав тухтай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.
-Эхний ээлжинд 100 дугуй хэрэглээнд нэвтэрсэн. Хэр хүрэлцээтэй байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 96 дугуй үйлчилгээнд гарсан байна. Цаашид өдөр ирэх тутам хэрэглээ нь нэмэгдэж хэрэглэгчдийн хандлага ч өсөх шинжтэй. Манай аппликейшнээс харахад түрээсийн дугуйг тогтмол хэрэглэж буй нэлээд хэдэн үйлчлүүлэгчтэй болсон. Харин хэрэглэгчид маань дугуйгаа гэртээ граашдаа оруулах тохиолдол гараад байна. Тиймээс дугуйгаа хэрэглэж болсон бол дараагийн яарч байгаа хүмүүст хэрэглүүлнэ гэж бодоод цоожлоод үлдээж байгаарай гэж хэлмээр байна. Мөн хэд хэдэн удаа дугуй хулгайлах оролдлого гарсан. Дугуйг машинд ачиж яваад GPS-ийг салгах оролдлого хийж байна. Харин үйлчилгээний маань гол зорилго нь аль болох олон хүн хотын түгжрэлд сааталгүй ажлаа амжуулахад оршиж байгаа. Хэрэглээ нь хуваалцах дээр суурилах ёстой.
Түгж, дахин түрээсэл
Сүхбаатарын талбай дээрх дугуйн зогсоол дээр очиход 10 дугуйнаас нэг нь үлдсэн байв. Дугуйгаа зогсоол дээр байрлуулахаар ирсэн бололтой хоёр залуутай уулзлаа. Тэдний нэг болох С.Мөнх-Эрдэнэ “Хотын залуус дугуй унаад цаг заваа хэмнэж байна. Дээр нь төлбөрийн хувьд уян хатан болохоор өдөрт хэдэн ч удаа ашиглахад тохиромжтой. Энэ үйлчилгээг дагаад маш олон дугуйн зам бий болоосой. Тэгвэл хаана ч байсан зогсоолдоо тавьчихна. Зогсоолын хувьд аппликейшнээсээ харна. Ард кино театрын зогсоол дээр тавих гэсэн боловч хайгаад олсонгүй. Өнөөдөр анх удаа хэрэглэж үзлээ. Тэгтэл засвартай дугуй унаж таарсан тул өөр дугуйгаар солих бодолтой байна” гэж ярилаа.
Дугуй түрээслэгч Б.Батбилэг “Надад маш тухтай санагдлаа. Автобусанд суугаад явахаар түвэгтэй байдаг. Ер нь дугуйн түрээсийн үйлчилгээг дэмжиж байна. Цаашдаа зогсоол нь олон болчихвол хэрэглэхэд илүү амар юм болов уу. Үнийн хувьд ч дажгүй, хэрэглээ талаасаа гар утаснаасаа дамжуулаад кодоо уншуулаад түгжээгээ тайлна. Дугуйн зам бараг байхгүй болохоор машины замаар ихэвчлэн явж таарч байна. Тиймээс дөнгөж дугуй унаж сурч буй хүмүүс болгоомжтой яваарай” гэж яриагаа өндөрлүүлэв.
Түрээсийн дугуйны хамрах хүрээ нь Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, хойд зүг болон урд зүг Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Зайсан Хилл хүртэл орших аж. Энэ хүрээллээр гарсан тохиолдолд км бүр нь 500 төгрөгөөр тооцно. Мөн дугуйны зогсоолоос бус бусад газарт дугуйгаа үлдээсэн тохиолдолд нэмэлт 500 төгрөгийн хураамж авах аж. Дугуйны онцлог нь хийлдэг зөөлөн дугуйтай, урдаа сагстай, унахад тав тухтай байх, нарны хавтан, ухаалаг цоожтой буюу хулгайгаас хамгаалагдсан системтэй юм. Дашрамд сануулахад иргэд та бүхэн дугуйгаа түрээслэхдээ соёлтой хэрэглэж, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихээ мартуузай.
Э.Ариун