"АН-ыг байгуулж, тамгыг нь сийлсэн хүн би"

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

"АН-ыг байгуулж, тамгыг нь сийлсэн хүн би"

"АН-ыг байгуулж, тамгыг нь сийлсэн хүн би"

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үед та юу хийж байна даа.  Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж хэлээч?  

-Дүгнээд байх ч юм алга. Ард түмнийхээ сонгох, сонгогдох эрхийг тав, аравхан мянган төгрөгөөр худалдан авч төрийн эрхэнд гарсан билээ. Уг нь ард түмэн тэднийг амьдралыг минь сайн сайхан болгож өгөөч, улс эх орноо улам их хөгжүүлээсэй, шударга ёсыг бий болгоосой гэж л сонгосон байж таараа. Гэтэл эрх баригч нам энэ бүхэнд маш удаан, хойрго хандаж байна. Хаана байна, шударга ёс, оффшорчдыг илчилнэ гэсэн нь. Эрдэнэтийн 49 хувийн маргаан өнөө хэр дуусаагүй л байна. Ардчилсан нам төрийн эрхийг барьж байхдаа Монголбанкнаас ямар ч хөрөнгийн баталгаа барьцаагүйгээр гурван их наяд төгрөгийг хууль бусаар авч аж ахуй нэгжүүдэд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр өгсөн байдаг юм билээ. Мөн тэр мөнгөөрөө Монгол Улсын өмчөөс хувьдаа завших гэж байна. Ганц саалийнхаа үнээг ганцхан хүн л сүүг нь сааж уух гээд байна. Үлдсэн 2 сая 900 иргэнийг нь үнээ ч үгүй, сүү ч үгүй, сүх ч үгүй үлдээх гэж оролдож байна. Дээр нь МСS гэж луйвар хийдэг компани боллоо. Утаагүй болгох нэрийдлээр өч төчнөөн утаагүй зуух хийнэ гээд л улсаас 200 сая ам.доллар идсэн. Мөн АСЕМ-ийг далимдуулж 170 тэрбум ам.доллар, одоо дахиад улам даварч 200 сая ам.долларыг авч гэр хорооллын зуухуудыг фильтертэй болгоно гэж ярих боллоо. Ингэхийн тулд яндангуудыг нь бөглөж иргэдээ угаартуулж устгая гэсэн үг үү. Энэ мэт асуудалд У.Хүрэлсүхийн Засгийн газар дэндүү хариуцлагагүй хандаж байна. У.Хүрэлсүх хулгайч авлигачин нөхдүүдтэйгээ хариуцлага тооцохгүй дэндүү их илааршуулж байна. Түүний амласан том том амлалтууд нүдэнд харагдах юм алга. Удахгүй хичээл сургууль орно. Ирэх намар 127 цэцэрлэг, 97 сургууль барьж гурван ээлжийг хална гэсэн. Сургууль цэцэрлэг нь  бэлэн үү.

Хоёр дахь асуудал нь мэдээж ядуурал. Ард түмэн яагаад ядуу байна вэ гэвэл ажил мэргэжилгүйгээс гадна өмч хөрөнгөгүйтэй шууд холбоотой. 1990 онд Улаанбаатар хотод хэн ажилгүй, ядуу байв. Тэдний олонх нь орон нутгаас ирсэн иргэд байсан. Тэд хот руу орж ирсэн шалтгаан нь малгүй болсных. Малыг малчдад өгөх нэрийн дор зөвхөн мал маллаж байсан хүмүүст нь өгсөн байхгүй юу. Аймаг, суманд амьдарч байсан иргэд маань малгүй, өмч хөрөнгөгүй, ажилгүй үлдсэн. Ингээд хүүхдүүдээ оюутан болонгуут нь дагаад бүгд хот руу ирж их нүүдэл болсон. Энд иртэл тэднийг хүлээж авах хүн, төр засаг байхгүй. Энэ их нүүдэл одоо ч гэсэн хэвээр үргэлжилж  байна. Төр цэгцлэх хэрэгтэй. Ингэхдээ хөрөнгө хуваарилалтыг дахин хийх цаг нэгэнт болжээ. Нэг хэсэг нь хэмжээгүй их баяжиж, нөгөө хэсэг нь үгээгүй ядуу боллоо. Олон толгой мал маллаж хүч хүрэхгүй байгаа малчидтай тохиролцоо хийж малыг нь зах зээлийн ханшаар худалдан авах замаар Улаанбаатарт өнөөдөр ажилгүй, өмчгүй байгаа иргэдэд хуулийн хүрээнд маш сайн гэрээ хэлэлцээр болзолтойгоор өгөх хэрэгтэй.

Гэр хорооллынхон гэж хөөрхий боловсролгүй мэргэжилгүй хүмүүс их байна. Орон нутаг руу нь явуулахын тулд тэднийг дэмжих сан байгуулах шаардлагатай байна шүү дээ. Тухайлбал, хөдөө орон нутагт амьдрах хүсэлтэй гэр бүлд нэг хоёр зуун хонь, ямаа, таван үхэр, таван адуу, нэг портер машин, дөрвөн ханатай гэр, нарны баттерей мөн DDish телевиз өгөх шаардлагатай байна. Тэгэж чадвал нийслэлээс 30 хувь нь орон нутаг руугаа гараад явчихна. Заавал хотод амьдарч ажилгүй, орлогоггүй, энэ их утаан дунд эрүүл мэндээ алдаж үйлээ үзэж амьдрах шаардлагагүй болно.  Монгол Улс  асар уудам үзэсгэлэнтэй, сайхан газар нутагтай. Гэтэл энэ жалган дотор, утаан дотор үхэх гэж яагаад амьдраад байгаа юм бэ. Энэ бүхнийг шийдсэнээрээ Улаанбаатар хотын хүн ам 300-400 мянгаар  цөөрнө.

Мөн хувийн болсон болоогүй, нийгмийн ухааны маш муу боловсрол олгодог хуурамч их дээд сургуулиудыг үтэр түргэн хаах шаардлагатай байна. Үүний оронд бүх дунд сургуулийн хажууд МСҮТ байгуулах хэрэгтэй. Ингэснээр бүрэн дунд боловсрол эзэмшихийн зэрэгцээ мэргэжил эзэмшээд төгсөнө. Мөн тодорхой хэдэн жишиг сургуулийг нийслэлээс гаргах шаардлагатай байна. Тухайлбал, МУБИС-ийг үтэр түргэн Багануур руу нүүлгэх хэрэгтэй. Багануур дүүрэг дэд бүтцэд холбогдсоноос гадна байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм учраас ирээдүйд Багануур хот болох боломжтой. Мөн Хөдөө аж ахуйн дээд сургууль,  Цагдаа, Хилийн цэргийн дээд сургууль, Соёлын дээд сургуулиудыг Дархан руу нүүлгэж, тохилог оюутны байр мөн багш нарын орон сууцуудыг бий болгох шаардлагатай байна. Ингэж чадах юм бол Улаанбаатараас дахин 200 мянган хүн гарах боломжтой. Ингэснээр утааны асуудал 70-80 хувиар, машины түгжрэл 50 хувь илт буурна.

Хэрвээ би МАН-ын дарга нарын оронд байсан бол хийх ажил их байна даа. БНХАУ-аас авсан өрийг яаралтай хаах хэрэгтэй. Тавантолгой компанийн ашгаар хааж болно шүү дээ. Хятадын ‘Шинхуа’-тай 10-20 тэрбум ам.долларын нүүрс худалдан авах, худалдаалах гэрээ байгуулах нь зөв шийдэл байсан юм. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж өнгөрсөн жилжингээ ярьж зээл гуйж, тойрч гүйгээд л байсан. Тэдний шаардлагыг шууд хүлээн авч улс орныхоо нийгэм, эдийн засгийн асуудлыг засах ёстой гэж би тухайн үед зөндөө л хэлж байсан.

Энэ олон арилжааны банкууд улс орныг сүйрүүлэх нь

-Эцэстээ ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан?

-Маш их цаг хугацаа алдсан. ОУВС-ийнхан биднийг харанхуй нүх рүү уначихвий гэсэндээ бидний л төлөө шаардлагуудаа тавьсан. Манайхан бодохдоо гаднын зальтай этгээдүүд биднийг хуурч мэхлэх гээд байгаа мэт ойлгосон. Манай улсын гадаад өр, зээл 27 тэрбум ам.доллар хүрсэн учраас дахин нэмж өр, зээл авч болохгүй одоо байгаа өр зээлээ цэгцэл гэдгийг ОУВС бидэнд  сануулсан. Ер нь өмнөх өр, зээлээ цэгцлэхээс нааш манайд зээл олгох улс орон гэж байхгүй, бүү горьд. Аливааг хялбархан, хууран мэхлэх замаар шийддэг тэр арга мэх нэгэнт явахаа больсон байна. Дэлхийн бүх санхүүгийн байгууллага ОУВС-г дагадаг, гишүүн нь учраас. ОУВС манай улсыг татварынхаа нөхцөлд өөрчлөлт оруул гэдэг шаардлагыг тавьсан. Тухайлбал, шатахууныхаа онцгой татварыг нэм гэтэл хэдэн шатахуун импортлогчид нь эсэргүүцэхээр нь больсон. Гэтэл өнөөдөр шатахууны компаниуд өөрсдөө дураараа үнээ нэмж байна. Тэд татварыг нь нэмнэ гэхээр эсэргүүцдэг атлаа ингэж дураараа авирлаж болохгүй биз дээ. Яагаад тэднийг ард түмэн эсэргүүцэхгүй байгаа юм бэ. Төр нь ч мэдсэн ч мэдээгүй мэт хандаж байна. Мөн тухайн үед ОУВС арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн боловч  шалгалтын дүнг олон нийтээс хав дарчихсан байгаа. 

-Уг шалгалтаар банкуудад өөрийн хөрөнгийн дутагдал байна гэсэн дүгнэлт гарсан гэдэг?

-Тэд мөнгөө буруу зарцуулсантай холбоотой болов уу гэж бодож байна. Хамгийн хүндхэн байгаа банк бол Худалдаа хөгжлийн банк, Голомт хоёр. Хаан банк бол задгай мөнгөний банк. Өндөр хүүгээр мөнгө хүүлдэг асуудлыг цэгцлэхгүй бол бид хоёрдугаар дайны өмнөх Германтай адилхан болно. Өнөөдөр Монголын бүх иргэн нь өндөр хүүтэй зээлийн дарамтад амьдарч байна. Энэ олон арилжааны банкууд улс орныг сүйрүүлэх нь. Монголын хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хийсэн банкуудаа аваръя, зөвхөн мөнгө хүүлж, гаднынханы гар хөл болсон банкуудыг хязгаарламаар байна. Хаан банк, Хас банк бол мөнгө хүүлэгчид. Энэ төрлийн банкуудын үйл ажиллагааг нь хянаж мөнгө хүүлэлтийг нь хязгаарлах цаг нь болсон. Тэтгэврийн зээлээр хэдэн хөгшдөө дэндүү шулж байна. Манай иргэд өнөөдөр таван тэрбум ам.долларын өртэй болжээ. Дээр нь энэ олон барилгын компани нэг орон сууцны мкв-ыг нь 500 мянган төгрөгөөр босгож байгаа. Тийм байтал 2.5 саяар зарна гээд байдгийг нь би ойлгодоггүй юм. Жижигхэн шамбийсан 2-3 өрөөг мкв нь 2 сая 800 гэж зарна. Үсрээд л нэг сая төгрөгийн үнэтэй байх баймаар. Дэндүү их үнийн хөөрөгдөл бий болгочихсон учраас манайд өнөөдөр аж ахуйн ажил зогсчихсон. Мөнгө эргэхгүй байна. Байшин барихдаа банкнаас зээл аваад барьчихсан. Элдэв авлигалд баахан мөнгө өгчихсөн. Дээр нь өөрийнх нь шунал гээд хоёр, гурав нугалж ашиг олох гээд. Гэтэл энэ үнийн хөөрөгдөл ард түмний нуруун дээр л ирж байна.

-Та сүүлд нүүр номын хуудсандаа Э.Бат-Үүлийг баатар болгохын оронд Монголыг их өрөөс салгасан Н.Энхбаярт баатар олгоё гэдэг саналыг дэвшүүлсэн байсан. Н.Энхбаяр та хоёр сайн харилцаатай болжээ дээ?

-Миний нэрийг барьж Н.Энхбаярыг магтуулах ажил хийсэн байна лээ. Хэнтийн сонгуульд бэлтгэж байгаа биз дээ. Мэдээж Н.Энхбаярт сайн тал ч байлгүй дээ. Н.Энхбаяр ганцаараа өрийг тэглээгүй.  Олон хүн оролцсон. Би ч хүртэл өр зээл төлөхөд оролцож явсан. Тийм байтал өр зээл дарсан гэдэг гавьяаг ганцхан өөртөө наах гээд байж болохгүй. ОХУ-аас тусламж авсан нь үнэн. Гэхдээ бид үүний оронд зүгээр байгаагүй. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр бид тэдэнд асар их тусалсан. Хамгийн том тус Монголын цөөхөн ард түмний тус байсан. Оросоос 40 гаруй жил татвар  авалгүй тэд хамгийн хямдхан үнээр манай Эрдэнэтийн зэсийг зөөж байсан. Үүнд дунд маш их алт байсан. Ер нь өр, зээлийг тэглэнэ гэдэг дарга нарын хийх ёстой ажлын л нэг нь. Өмнөх даргын тавьсан өр зээлийг дараагийн дарга нь тэглэдэг. Өөрөөр хэлбэл, өмнөх улстөрчдийнхөө хийсэн ажлынх нь хариуцлагыг дараагийн улстөрчдөөс нэхдэг байсан. Энэ бол ардчиллын нийгмийн зарчим. Ер нь өр, зээл тэглэлээ гээд хариуд нь улс орноо цөлмөж самраад байж болохгүй

-Самарсан гэж хэнийг хэлж байна вэ?

-Ойлгомжтой шүү дээ.  Н.Энхбаярын өөрийнх нь халамжлан өсгөсөн цэргүүд нь өнөөдөр улс төрийн оргилд гарчихаад түүний зааж сургаж өгсөн номын дагуу улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралыг жолоодож байна.

-Таны хэлсэнчлэн, цэргүүд нь даргадаа одоо дургүй болсон байх, тийм үү?

-Тэд юунаас болж өөр хоорондоо дайсан болж хувирав гэдэгт нэг л шалтгаан бий. Эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө хүмүүсийг хэзээ ч эвлэрүүлэхгүйгээр муудалцуулдаг зүйл байхгүй юу. Тэд үүнээс болж өнөөдөр бие биеэ үзэж чадахаа байсан.

-Та өнгөрсөн хугацаанд улс төрд байсан уу гэвэл байсан. Тухайн үед юуг хийж бүтээж ард түмэнд үлдээсэн юм бэ?

-Монголчууд 30 ам.долларын цалинг авдаг байхад нь би 300 ам.долларын цалинтай болгосон. Мөн Монгол Улсын хөгжлийн хөтөлбөртэй болгож өгсөн.  Хөгжлийн хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгохын тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулж улсын хөрөнгөөр хайгуулын ажил гүйцэтгэсэн бол Монголын төр 51 хувийг эзэмшинэ, харин тухайн компани хувийнхаа хөрөнгөөр хийсэн бол 34 хувийг нь эзэмшинэ гэж Ашигт малтмалын тухай хуулийг санаачилсан. Үүний хүчинд Оюутолгойг гаднынханд 100 хувь  алдчихаагүй 34 хувийг нь эзэмшиж өнөөдөр хэрэлдээд л сууж байна. Мөн Аж үйлдвэрийн паркийн хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг би намын нөхдийнхөө хамт санаачилж батлуулж чадсан юм. Канадын “Сентерра Голд”, “Бороо Голд” ХХК-иас 40 тонн алт  олборлочихоод нэг долларын ч татвар төлөөгүй байхад нь тэднээр 150 сая ам.доллар төлүүлж Нэгдүгээр төрөх эмнэлгийн шинэ барилгыг бариулсан. Мөн Дорнодод үйл ажиллагаа явуулж байсан газрын тосны Хятад компанид шалгалт хийж торгууль тавьж ашиг ноогдлыг нь хуваах асуудлыг шийдэж байсан. Энэ мэт ганц хүнд багагүй олон ажлыг би хийсэн.Түүнчлэн Сэлэнгийн Төмөртэй, Баянголын төмрийн ордуудыг улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг хувь этгээдүүд хууль бусаар авсан байхад нь би ард түмнийхээ, төрийн мэдэлд авч өгсөн билээ. Ардчилсан нам, МАН төрийн эрхийг барьж байх өнгөрсөн хугацаанд тэд хууль зөрчиж хэдэн бүлэг этгээдүүд хуйвалдааны замаар хувьдаа авсан байна лээ. МАН 65 суудалтай, төрийн эрхийг бараг 100 хувь барьж байна. Тийм болохоор одоо том том төслүүд, ашигт малтмалын ордуудаа төрийн мэдэлд яагаад авахгүй удаашралтай байгаа юм бэ. Том том ордуудынхаа ашгийг 100 хувь улс орныхоо хөгжлийн төлөө, ард түмнийхээ амьдрал ахуйг сайжруулахыг төлөө зориулах ёстой. Түүнээс бус ханаж чадахаа мэдэхгүй хэдэн шуналтай гэр бүлийг олон жил тэжээлээ шүү дээ, монголын ард түмэн.

МАН, МАХН хоёр салаа мөчир мод. Харин бут, сөөг нь АН

-Танай намаар сонин сайхан юу байна. Улс төрд суудалгүй намуудын үйл ажиллагаа, идэвх сүүлийн үед идэвхжиж эхэллээ. Харин БНН нам гүм байх шиг байна?

-Өнөөдрийн МАХН гэдэг хуучин Сүхбаатар, Данзан, Чойбалсан, Бодоо нарын байгуулсан нам биш шүү дээ. Ардчилсан нам, МАХН хоёулаа шинэ намууд, хуучны нэрийг л ашигласан болохоос биш. Энэ хоёр нам ингэж хуучны нэрийг ашиглаж байгаа нь хоёулаа хууль зөрчиж байгаа хэрэг. МАН, МАХН-ын удирдагчид, үүсгэн байгуулагчид, эх орончид маань улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь насаа зориулсан байдаг. Тэд маань өнөөдрийн улстөрчид шиг ийм их  эрх ямба хангамж эдэлж ийм их хөрөнгө мөнгийг үрэн таран хийж байгаагүй. Данзан, Бодоо нар төрөөс хулгай хийж, хувьдаа завших байсан үгүй эсэхийг түүх нотолно, улстөрчид өө. Түүнчлэн эзэн богд Чингис хаан маань  олзоо хамгийн түрүүнд ахмад настандаа мөн ард түмэндээ тарааж өгдөг байсан агуу түүх бидэнд бий. Чингис хаан маань хэлэхдээ "Алд бие алжаавал алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай гэж бидэнд захиж үлдээсэн атал өнөөдөр үүнийг уландаа гишгэж утсан улаан амиа дээгүүр тавьдаг болсыг монголын ард түмэн мэднэ. Ардчилсан нам, МАН хоёр ийм л ажил хийж байна. Ард түмний юу хүсэж, мөрөөдөж байгаа нь тэдэнд огтхон ч хамаагүй. Яг үнэндээ МАН, МАХН хоёр салаа мөчир мод. Харин  жижигхэн нь бут сөөг нь АН шүү дээ.

– АН дагуул нам байлаа ч гэсэн УИХ-д есөн суудалтай сөрөг хүчнийхээ үүргийг өнөөдөр гүйцэтгээд л явж байгаа?

-Сонгуулийн хуулийг өөрсдөдөө зориулж хийдэг, сонгуулийг дандаа луйвар булхайгаар явуулж мөнгө тараадаг намаас УИХ-д хэдэн хүн гарах нь аргагүй шүү дээ.  Энэ тэнд дайллага цайллага хийж төмөр медаль тарааж явдаг нь нууц биш.

-Танай нам 2016 оны УИХ-ын сонгуулиар ганц ч суудал авч чадаагүйн шалтгаанаа хэрхэн тайлбарлах вэ. Мэдээж өнгөрсөн хугацаанд уналтаа дүгнэсэн л байх?

-Манай намын зорилго ард түмнээ чинээлэг, ажилтай, орлоготой амьдруулж, улс эх оноо хөгжүүлэхийн төлөө мөрийн хөтөлбөрөө гаргаж сонгуульд шударга оролцдог. Сонгогчид бол бидний бурхан. Гэтэл Ардчилсан нам, МАН хоёр 2016 оны УИХ-ын сонгуулиар  сонгогчидоо доромжилж, тав аравхан мянган төгрөгөөр саналыг нь худалдан авч ард түмнээ доромжилсоор ирсэн. Ард түмний эрх чөлөө, улсынхаа тусгаар тогтнол хөгжлийг тав, аравхан төгрөгөөр басамжилж байгаа нь ноцтой гэмт хэрэг гэж бид үзэж байна. Аймаг, сумдын хороо, хэсгийн дарга нар нь утсаар гэртээ хүмүүсийг дуудаж авчраад бүр сүлжээ үүсгэж мөнгө тараадаг юм билээ. Мөн Иргэний бүртгэлийг ашиглаж, нас барсан хүний бүртгэлийг хүртэл сонгуулийн үйл ажиллагаандаа ашигладаг. Тиймээс Сонгуулийн хорооны дарга, хэсгийн хорооны дарга нарт хатуу хариуцлага тооцож үйл хэргийг нь хянан шалгах цаг үе нь болсон. Үүний хариуд хэн хохирсон бэ гэвэл Монгол Улсын хөгжил хойш ухарсан. Өнөөдөр хүнс, барааны үнэ тэнгэрт гарлаа. Иргэдийн амьдрал ядуурч, ажилгүйдэл ихээр бий болсон нь сонголтоо л буруу хийснийх.

-Ирэх аравдугаар сард Хэнтий аймагт нөхөн сонгууль болно. Танай нам нөхөн сонгуульд өрсөлдөх үү?

-Хэрэв нөхөн сонгуульд оролцвол хэнийг нэр дэвшүүлэх үү гэдгээ бид намынхаа хурлаар шийднэ.

-Таны хувьд нэр дэвших сонирхол байна уу?

-Байхгүй ээ. Улс төрийн ажил хийнэ гэдэг хувийн сонирхлоор хийдэг ажил биш. Улс төрийн үйл хэргийг эх орноо гэсэн сэтгэл зүрхээр хийдэг юм. Түүнээс биш ашиг хонжооны төлөө хувьдаа хумсын чинээ гурван төгрөг олохын төлөө, эсвэл албан тушаал авахын төлөө улс төрийн ажил хийж болохгүй . Өнөөдөр харамсалтай нь АН, МАН-ын нөхдүүд ийм сонирхлоор хандаж улс төрийг замхруулж дууслаа.

-АН-ын хувьд өнгөрсөн хугацаанд нам дотроо багагүй шинэчлэлтийг өрнүүлсэн. Танай нам ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд бэлдэж эхлэв үү, ер нь?

-2020 оны сонгуулиар АН, МАН хоёроос нэг ч амьд хүн сонгож болохгүй. Тэгж чадах л юм бол улс орон эрс өөрчлөгдөнө. Энэ хоёр нам бол хоцрогдол. Ээлжилж гараад л хулгай хийж идэх гэсэн нь нууц биш бүр ил болчихсон. Энэ хоцрогдлуудаас салах цаг нь ирсэн. Муу зүйлд ч гэсэн төгсгөл гэж байх ёстой биз дээ. Нийгмээ шинэчилж, шударга ёсыг тогтоож, хүн бүр эрх тэгш хангалуун, аж жаргалтай амьдрах цаг үе ирнэ гэдэгт итгэж байна.

Өнөөдөр дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж байна

-Ярианыхаа эхэнд та Тавантолгой талаар хальт дурдлаа. Бүтэн арван жил ярьж, талцаж маргаж, улстөржилтийн нэг сэдэв болсоор ирсэн Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг хаврын чуулганаар баталсан. Ингэхдээ Тавантолгой төслийн 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар болсон. IPO гаргах саналыг та дэмжиж байгаа юу?

-Өнөөдөр дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзъя гэж ярьж байна. Европ нүүрсний цахилгаан станцынхаа 50 хувийг хаах гэж байна. Мөн автомашин үйлдвэрлэгчид суудлын автомашиныг тэр чигээр нь цахилгаан болгоно гэдгээ зарлачихлаа. Туршилтаа ч хийгээд эхэллээ. Дэлхий нийтийн хандлага ингэж өөрчлөгдөж байхад нүүрсний компанийн хувьцаа авах тэнэг хүн байх болов уу. Тэнэг хүний л санаа. Үүний оронд хятадуудад нүүрсээ урьдчилан нөхцөлөөр өгөх нь хамгийн зөв шийдэл.

-УИХ дахь Ардчилсан намын  зүгээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн энгийн хувьцааны хяналтын багцаас доошгүй хэсгийг иргэдэд эзэмшүүлье гэдэг саналыг гаргасан ч олонхийн бүлэг дэмжээгүй?

-Ардчилсан нам өмнө нь олон удааа шилний цаанаас модон чихэр долоолгосон. Хувьцаа эзэмшүүлж байна, баялгаа ингэж хуваарилна гэх мэт ярихаас л хэтэрдэггүй. Сонгуульд зориулсан тэдний үлгэр. Өнөөдөр Тавантолгой ашиггүй л ажиллаж байна. Зарлага, орлого хоёр нь дөнгөж л дүйцээд ажиллаж байгаа. Ийм байтал ашиг хүртэх тухай ойлголт байх уу. Үүний оронд Тавантолгойгоор дамжуулж хөгжлийн зээл авч өрөө төл.

Хэрэв Оюутолгойг олж илрүүлээгүй байсан бол бид өнөөдөр хэрэлдэх ч Оюутолгойгүй л сууж байх байсан

-Оюутолгойн гэрээний талаар монголчууд хоёр талцаад есөн жил болж байна. Энэхүү гэрээ тойрсон сайн, муу гэх шүүмжлэл тайлбар одоо ч өрнөсөн хэвээр. Гэрээнд оролцсон нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон гээд өнгөрсөн хаваржингаа улс төрийн хүрээний халуухан сэдэв байлаа. Таны хувьд Оюутолгой төслийг дэмждэг байх аа?

-Өнөөдөр Лири, Сири, Ирак зэрэг улс маш их нефтьтэй орон. Тэд өнөөдөр Арабын нэгдсэн Эмират, Кувейт шиг хөгжиж чадаагүй. Уг нь адилхан л нефтьтэй улс. Гэтэл байгалийн ямар ч баялаггүй Сингапур өнөөдөр яаж хөгжив. Тэнд уул уурхай байхгүй, нэг ширхэг сонгино ч тарьдаггүй, нэг ширхэг ишигтэй ямаа ч байхгүй орон. Тайвань, Япон, Солонгос мөн юу ч үгүй атлаа яаж хөгжив. Гэтэл байгалийн асар их баялагтай манай улс  хөгжихгүй байгаа шалтгаан нь улстөрчидтэй  шууд холбоотой. Дарга нар нь хөрөнгө оруулагчдыг дарамталж байгаад авлига авч байна. Үүнээс болоод бид хөгжихгүй байгаа юм. Хоёрдугаарт хэрэв Оюутолгойг олж илрүүлээгүй бол бид өнөөдөр хэрэлдэх ч Оюутолгойгүй л сууж байх байсан. Оюутолгойгоос жилд 400 сая ам.доллар авч байгаа байлгүй дээ. Мөн тэнд 5000 хүн сарын мянган ам.долларын цалин авч байна. Энэ мэт шууд бус утгаараа Оюутолгой манай улсын хөгжилд чухал байр суурь эзэлнэ. Оюутолгой Монголд орж ирснээр Монголын санхүү эдийн засгийн үзүүлэлтэд хөрөнгө оруулалтууд нь бичигдэж байдаг. Монгол ийм хөрөнгөтэй боллоо гээд бичигддэг гэсэн үг. Энэ нь гаднын хөрөнгө оруулалт, зээл авахад баталгаа болж өгдөг. Оюутолгойн өнөөдрийн маргааныг тасалж, яаж илүү ашиг хүртэх үү гэдгийг жинхэнэ эх орон ч аавын хүүгийн хийдэг ажил. Түүнээс биш утсан улаан амиа бодож авлига авдаг хулгайч нар Оюутолгойн хэлэлцээрийг хийж чадахгүй.

-Тухайн үед олон жил яригдсан гэрээг хийж чадсан нь тэдний  эх орон ч сэтгэл, зориг байсных  гэж  хэлэх үү?

-Ухаан, заль мэх, эх орон ч сэтгэл зүрх хэрэгтэй. Тэдэнд хувийн ашиг сонирхлын зориг л байсан болов уу даа. 

Ардчилсан намыг  би байгуулсан

-Та буцаад Ардчилсан намд элсэх тухай яригдаж байсан нь юу болсон бэ. Эсвэл таныг хүлээж аваагүй юм уу?

Ардчилсан намыг хэн байгуулав. Би л байгуулсан. Ардчилсан намын тамгыг хэн анх сийлэв. Би л сийлж байлаа. Би анхны 10 мянган төгрөгийг хандив болгож дансанд нь хийж байхад, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар гайхаж хашхирч байсан юм. Ардчилсан намын хамаг санхүүжилтийг нь би хийсэн. Би Ардчилсан намд ороод БНН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж очсон чинь завхарсан нам болсон байна лээ.  Бүх зүйл нь мөнгө дахин мөнгө. Бүгд хэрүүл маргаан, бие биеэ хууран мэхэлдэг ийм намтай би яаж цааш явах вэ дээ. Тэгээд л больсон.

-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэр сайн ажиллаж байна гэж дүгнэх вэ?

-Эрдэнэтийн 49 хувийг цээжээрээ хамгаалж байхыг нь харахад их л сайн ажиллаж байгаа байлгүй дээ. Миний хувьд Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авч 51 хувьтай нь мөн Оюутолгойн 34 хувьтай  нийлүүлээд Нью-Йорк эсвэл Лондонгийн бирж дээр гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. Нүүрсээ бус алт, зэсээ олон улсын зах зээлд гаргаснаар доод тал нь бид 100 миллиард ам.долларыг олж авах боломжтой.  Тэгж чадвал бид их мөнгө босгож хөгжлөөр дамжуулж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, ая тухтай, орон сууцтай амьдрах,  өндөр хэрэглээний соёлтой, унах унаа, нисэх онгоцтой  болгох боломж илүү бүрдэнэ. Мөн ойрын 10 жил алт, зэсний үнэ өснө. Яагаад гэвэл дэлхий дээр бүх машин, онгоц цахилгаанаар явдаг болно. Энэ хэрээр хэрэглээ нэмэгдэнэ. 

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан ч хаврын чуулганаар хэлэлцэгдэж амжаагүй. Үндсэн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий юу?

-Хэрэгжүүлэхгүй юм бол янз бүрийн хууль батлах хэрэг байгаа юм уу. Өч төчнөөн л хууль батлагдаж байна. Үүнтэй адил яам, тамгынхаа ажлыг сайжруулна гээд сайд нарыг нь солилоо гээд сайжирч байгаа зүйл алга. Шалтгаан нь хүнтэйгээ холбоотой. УИХ-д өндөр мэдлэг боловсролтой, эх оронч, өндөр ёс суртахуунтай, мөн соёлтойгоос гадна хувийн амьдралаа өөд нь татчихсан, төлөвшчихсөн, амьдралын дадлага, туршлагатай хор нь гарсан ийм хүмүүс гарвал илүү зөв зүйл хийх болов уу. Өнөөдрийх шиг дуучин, бөх ороод юу хийх вэ дээ. Заримдаа тэднийг хараад өрөвддөг. Би 1990 оноос хойш улс төрийн ажил хийлээ. Миний хийдэг хоёр ажил бий. Нэг нь хувийн бизнес, нөгөө нь улс төрийн ажил. Улс төрийн ажлыг өөрийнхөө бизнес эсвэл өөртөө зориулж хийгээгүй, улс орныхоо төлөө л хийж байна. Мангар бацаануудыг УИХ-д сонгодгоо одоо болъё. Сайн дурын уран сайханчид, спортынхон, бөхчүүдээр саарал ордон дүүрлээ. Тэнд булчингаа биш толгойгоо ажиллуулж улс эх орноо хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажилладаг болохоос биш тэдний барилддаг газар нь  биш. Өнөөдөр бөхчүүд нь Бөхийн өргөөгөө буцаалцалдаж байна. Тэд өөрсдөө босгоогүй шүү дээ. Гэтэл Бөхийн ордноо булаалцалдаж үхэх нь холгүй байна. Бөхийн өргөөг бөхчүүдэд нь бус Ахмадын холбоонд өг. Бөхчүүд очиж барилдана л биз. Дээр нь монгол бөхийг өөрчлөх цаг нь болсон. Сугалаатай болгох хэрэгтэй.

 -Ирэх жилийн наадам хүртэл бөхийн асуудал нэг тийш шийдэгдэх байх аа. Та ингэхэд наадмын нээлт үзсэн үү?

-Би хальт харсан. Надад таалагдаагүй. Бусад хүмүүст ч адил таалагдаагүй байх аа. Хоцрогдлын хоцрогдлыг наадмын нээлтээс харж болно. Туг барьж гүйсэн, өнгөрснөө санагалзсан, Хойд Солонгосыг дуурайсан тийм л арга хэмжээ болж байна лээ. Наадмын нээлт үзсэн гаднынхан ихэд гайхаж, бидний соёлын хөгжлийг өрөвдөж доромжилж бодсон болов уу даа. Сошиал хөгжлийн ачаар монголчууд бид юм үзэж, нүд тайлах болсон. Бусад орны шоу арга хэмжээг харьцуулж харж байгаа шүү дээ. Наадмыг далимдуулж үеийн үед АН, МАН-ынхан биднийг доромжилсоныхоо төлөө мөнгө иддэг болжээ.Тэр ч битгий хэл харин ч бага идлээ, илүү их идэх байсан юм гэж ичих ч үгүй ярих юм билээ, тэд. 

-60 тэрбумын хэргээр эрх баригч нам дотроос асуудал дэвшүүлж эхэлснийг та юу гэж харж байгаа вэ?

-Яг үнэндээ М.Энхболд гэдэг хүнээ МАН-ын хэдэн нуснууд дагаж явж байж УИХ-ын гишүүн болцгоосон биз дээ. Одоо тэгтэл сонгуульд иргэдийн саналыг худалдаж авахад зарцуулсан мөнгөө М.Энхболд ганцаараа хийсэн мэт мөөрөөд байж болохгүй. Хэрэв М.Энхболд буруутай бол 65-уулаа буруутай. МАН ард түмнээсээ уучлалт гуйгаад 60 тэрбумаа нөхөн төл. Тэд бүгдээрээ буруутай шүү. 27 жил үргэлжилсэн энэ муу муухай бүхний төгсгөлд сайн цаг ирнэ гэдэг итгэж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж