Японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр хэт халуун өдрүүд ирэх наймдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь Номхон далайн агаарын даралт 5000 өндөрт оршиж байгаа бол Түвдийн уулсаас гаралтай агаарын даралт 15 мянган метрийн өндөрт Ази тивийг хучжээ. Агаар мандал дээр орших уг агаарын даралтууд эх газар руу халуун агаарын урсгалаар дарж байгаагийн улмаас хэт халалт буурахгүй гэж Японы цаг уурын хүрээлэнгээс тодорхойлжээ.
Японы улсын Кёото болон Тоттори мужуудад өнгөрсөн өрдүүдэд халуун 38.2 градуст хүрсэн бол Гүнма мужийн хот болон тосгодод 38 градус хүрч халжээ. Хэт халуунаас болж олон хүн наранд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр хэт халалтаас болж 15 хүн нарс барж, 12 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, долдугаар сарын 21-ний өглөө Токио хотын Идабаши дүүрэгт 70 настай эрэгтэй, эмэгтэй хөгшид гэртээ ухаан алдсан байдалтайгаар олдсон бөгөөд эмнэлэгт хүргэгдсэний дараагаар амьсгал хураажээ.
Сайтама мужийн Сока хотод 46 настай иргэн мөн наранд цохиулсны улмаас гэртээ нас барсан бол Осака хотын Жото дүүрэгт амьдрах 74 настай хоёр ахмад долдугаар сарын 21-нд гэртээ ухаан алдсан байдалтайгаар олдож, нас баржээ.
Гифү мужийн Ибигавад 87 настай иргэн тариалангийн талбай дээрээ наранд цохиулснаас болж нас барсныг тодорхойлжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт зургаан настай хүү гадаа тоглож байгаад наранд цохиулж харамсалтайгаар нас барсан хэрэг ч гарчээ.
Японы эрүүл мэндийн байгууллагууд хэт халж байгаа эдгээр өдрүүдэд ард иргэддээ ус сайн уухыг зөвлөж байгаагаас гадна өдрийн цагаар гадаа болох арга хэмжээнүүдэд оролцохгүй байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: Asahi
Г. Батмандах