Ширээ шаалаа гээд гар л өвдөнө, харин мөнгө “өвдөхгүй”

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ширээ шаалаа гээд гар л өвдөнө, харин мөнгө “өвдөхгүй”

Ширээ шаалаа гээд гар л өвдөнө, харин мөнгө “өвдөхгүй”

Зам бол ямар ч улс орны хөгжлийн гол дэд бүтцийн нэг. Тийм ч учраас монголчууд зам дагаж хөгжил ирнэ гэж ярьдаг. Нөгөө талаас энэ бол өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтын нэг. Зарцуулсан хөрөнгө оруулалтаа дам шугамаар эргэн төлөх гол нөхцөл нь норм нормативийг хангасан сайн чанарын зам тавих явдал. Энэ зорилгыг хангах чиг үүрэг бүхий хангалттай бүтэц Монголын төрд бий ч замын чанарыг эднээс илүүтэй шударга шалгадаг ганц “шүүгч” нь бороо, үерийн ус болжээ.

Энэ долдугаар сарын 11-18-ны өдөр үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас 13 аймгийн 29 байршилд 116 км авто зам эвдэрчээ. Үүнээс улсад учрах хохирол нь 1,3 тэрбум төгрөг болсныг өнгөрсөн Пүрэв гаригт /2018.07.19/ хуралдсан Улсын онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдлээ.Үүн дээр Улаанбаатар хотын замын эвдрэлийг нэмбэл хоёр тэрбум төгрөгийн хохирол болохоор байгаа ажээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр маргааш өдөр нь буюу Баасан гаригт нийслэлийн авто замын байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр, Баянзүрх дүүргийн Монелын зам, мөн дүүргийн Дарь эхийн эцэст байрлах авто замууд эвдэрсэн байна. Гэхдээ эвдрэлийн шалтгаан байгалийн давагдашгүй хүчин зүйл биш зүгээр хариуцлагагүй, төрийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэсэн байдлаас үүдсэн байгаа юм. “330 метр чулуун замын ажил ид явагдаж байх үеэр их хэмжээний ус урссанаас замын зарим хэсэг эвдэрсэн.

Зам эвдэрсэн шалтгаан нь “Агво” компани зөвшөөрөлгүйгээр бохирын шугам барьж, даланг хааснаас үерийн ус зам руу орж цөмрөлт үүсгэсэн. Энэ далан нь 2000 метрийн өргөнтэй Баянзүрх уулаас орж ирэх үерийн усыг аюулгүй болгох зорилготой баригдсан ч  бөглөснөөс  болж зам гэмтэж, айлуудыг усанд автуулсан байна” гэжээ.  Мөн Дарь эхийн эцэст байрлах авто зам эвдэрч, хуурсан нь газар чөлөөлөөгүй айл өрхүүдээс болжээ.

Уг авто зам 2011 онд ашиглалтад орсон бөгөөд үерийн далан барих суваг шуудуу дагуу 50 гаруй айл өрх, аж ахуй нэгж бууснаас болж үерийн ус авто зам руу урссан байна. Барилга хот байгуулалтын яамнаас үерийн далан барих ажлыг 2018-2019 онд барьж байгуулахаар ажлаа эхлүүлсэн боловч айлууд газар чөлөөлөхгүй байгаа учраас ийнхүү далангийн ажил гацаж, авто зам төдийгүй айл өрхүүдийн хашаа үерт автжээ.“Агво” компанид үерийн даланг чөлөөлөх шаардлагыг удаа дараа тавьж байсан ч дүлий годил оргисон нь ийм байдалд хүргэжээ.

Тэгэхээр одоо улсад учраад байгаа хоёр тэрбум төгрөгийн хохирлын чамгүй хувь нь хүний хариуцлагагүй, шийдвэр хэрэгждэггүй, хариуцсан ажлаа сэтгэл гаргаж хийгээгүйтэй холбоотой болж таарч байна. Хавдар судлалын төвийн өргөтгөлийн барилгын зоорийн давхар луу наадмын өмнөх өдөр борооны ус орж гурван сая ам.долларын эмчилгээний аппарат эвдэрснийг улсын төсвөөс хөрөнгө гарган засах болоод байна. Заслаа гээд уг аппарат ажиллах эсэх нь эргэлзээтэй байгаа. Өргөтгөлийн барилгыг борооны ус орохоор барьсан байна гэдэг чинь ажлаа зөв, хариуцлагатай хийгээгүйн буруу мөн биз дээ.

Улсын онцгой комиссын хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх уурлаж ширээ шаасан тухай хэвлэлүүд бичиж байна.

Ширээ шаахаас өмнө дээрх хоёр тэрбум төгрөгийн хохиролд буруутай эдгээдүүдийг шат шатанд нь ажлаас нь халж, шүүхэд өгч хохирлыг төлүүлэх шийдвэр гаргах ёстой. Ширээ шаалаа гээд гар өвдөхөөс мөнгө өвдөхгүй л дээ.

Тэр тусмаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж байгаа бизнесийн байгууллагуудтай хуулийн дагуу ногдуулах хариуцлагыг нь хүлээлгэх учиртай. Хэрвээ тэд өөрсдийн хөрөнгөө гаргаад хийсэн бол ингэж хандахгүй байсан.

Замын чанарыг мөн ч олон жил ярьж байна. Бороо, үерийн улмаас зам эвдэрлээ гэсэн тохиолдол болгонд япончуудын барьсан Нарны замаар жишээ татан их ч ярих юм. Даанч нэмэр алга. Улсын төсвөөр яаж нүд хуурч зам тавьдагыг бодит утгаар нь харуулсан хүнийг УИХ-д суулгаж байсан хүмүүс болохоор төрийн төмөр нүүр гэдгийг ойлгох ухаан хүрэхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж