“Ганган Төгс” тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

“Ганган Төгс” тодорлоо

Ард түмний санал асуулгаар кино бүтээх “Кино код” төслийн хүрээнд “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч-Шилийн сайн эрс”-ийн тухай өгүүлэх “Ганган Төгс” кино бүтээхээр болсон билээ. Гурван сар гаруй хугацаанд үзэгчдийг телевизийн өмнө “уясан” тус шоуны оргил үед тохиож, киноны гол дүрд ямар жүжигчин тоглох вэ гэсэн кодын нууцыг тайллаа. Гол дүрийн жүжигчинг сонгох шууд нэвтрүүлэг  Монголын үндэсний “Боловсрол суваг” телевизээр гарч, дөнгөж сая өндөрлөсөн юм. “Ганган Төгс” киноны гол дүр буюу шилийн сайн эрийн дүр бүтээх жүжигчнийг сонгох эцсийн шалгаруулалтад дуучин, жүжигчин М.Мягмар, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, УДЭТ-ын жүжигчин А.Алтантөр, УДЭТ-ын жүжигчин П.Баттөр, “Кино код” проб шоуны оролцогч Г.Бямбадорж нарын таван авьяастан тунаж үлдээд байсан билээ. “Ганган Төгс”-ийг сонгохдоо 1970 шууд утсаар, 155068 тусгай дугаараар мессеж хэлбэрээр, мөн онлайнаар буюу movie.news.mn хаягаар санал асуулга явуулснаас гадна Монголын кино салбарын “акулууд”-аас бүрдсэн шүүх бүрэлдэхүүний саналаар ялагчийг тодруулсан. Ингээд УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг Ганган Төгсийн дүрийг бүтээхээр боллоо. Эцсийн шалгаруулалтад Г.Эрдэнэбилэгийн хамт гол өрсөлдөөнийг үзүүлсэн жүжигчин А.Алтантөрийг харин “Ганган Төгс” киноны гол гурван дүрийн нэг, Ганган Төгсийн найз Тугаагийн дүрд тоглуулна гэдгээ тус киноны ерөнхий найруулагч Б.Баатар зарласан юм.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж