– Өнгөрч буй долоо хоногт Улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна –
үер усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна
Долдугаар сарын 19-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, үер усны аюулын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөвшилцөв. Тодруулбал, 2018 он гарсаар долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 9 нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байгаа юм. Усны ослын гол шалтгаан нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог, гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, насанд хүрэгсэд гол, усанд орохдоо согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг, хиймэл нууранд хийлдэг гудастай орсны улмаас осолдсон, худгийн усанд малаа унахаар араас нь ороод осолдсон, үерийн ус зайлуулах далангаар урсаж байгаа ус руу хөл алдан унаж осолдсон зэргээс үүдэж байна.
Мөн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 07 дугаар сарын 17-нд баруун болон төвийн ихэнх нутаг, 18-20-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим нутгаар, 21-22-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-26-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын зарим газраар үе үе аянга цахилгаантай усархаг аадар бороо, мөндөр орох, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаас эхтэй гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэх, үер буух өндөр эрсдэлтэй байна.Иймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
АТГ-ЫН ДАРГЫН ӨРӨӨНИЙ БИЧЛЭГИЙГ АЛДСАН АЖИЛТНЫГ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ
АТГ-ын дарга Х.Энхжаргалын өрөө рүү Ерөнхий сайд асан С.Баяр орж байгаа видес бичлэг өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Эх сурвалжийн мэдээлснээр уг бичлэг нь тус байгууллагын дотоод хяналтын бичлэг бөгөөд тодорхой албан хаагчийн хариуцлагагүй байдлаас болж өнгөрсөн тавдугаар сард алдагджээ.
Бичлэг алдагдсан үеэс эхлэн албаны дотоод шалгалт явуулсны дүнд АТГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн ажилтныг буруутай болохыг тогтоож, наадмын өмнөхөн ажлаас нь халжээ.
Г.САРАНГЭРЭЛД ГУРВАН ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
Хар тамхины хэргээр шалгагдаж байсан Г.Сарангэрэлийг шүүх хурал өнөөдөр /2018.07.20/ Баянзүрх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2014 онд түүнд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил зургаан сарын хорих ял ногдуулж байсан юм.
ГЕРМАНЫ “Чингис хаан” хамтлагийг “Найрамдал” медалиар шагнажээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлагийн гишүүн Вольфганг Хайкелийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Вольфганг Хайкел ирэх онд хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолт xийxээр төлөвлөснөө дурдав.
“Чингис хаан” хамтлаг ирэх оны нэгдүгээр сараас эxлэн нэг жилийн хугацаанд дэлхийг тойрсон аялан тоглолт xийxээр болжээ. Тоглолт Япон Улсаас эxэлж Бразилд дуусаx бөгөөд Үндэсний их баяр наадмын үеэр манай улсад ирэх юм байна.
ХБНГУ-ын “Чингис хаан” хамтлаг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулах “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” төслийн бүтээн байгуулалтыг сурталчлах, 1979 онд хит болж байсан “Чингис хаан” дуугаа дүрсжүүлэхээр иржээ. Клипний зураг авалтыг “Херо Энтертайнмент” хийх юм. Дашрамд дурьдахад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Чингис хаан” хамтлагийг “Найрамдал” медалиар шагнажээ