Монголын мартагдсан соёлыг дэлгэх даншиг наадам болно

Хуучирсан мэдээ: 2018.07.21-нд нийтлэгдсэн

Монголын мартагдсан соёлыг дэлгэх даншиг наадам болно

Монголын мартагдсан соёлыг дэлгэх даншиг наадам болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна. Энэ жилийн даншиг наадмын хөтөлбөрт хэд хэдэн шинэ үйл ажиллагаа нэмжээ. Тухайлбал, морьтой давхиж, сур харвахаас гадна жороо морь тойргоор уралдах,  21 аймаг, есөн дүүргийн томоохон хийдүүд цамын талбайн орчимд гэрээ барьж, өөр өөрсдийн аймгийн түүх, ёс уламжлалаа танилцуулах, хувилгаад хутагтууд сүсэгтэн олонд айлдвар сургааль айлдаж, мутрын адис хүртээн наадамчид сүсэгтэн олон хурал номд даган баясч, хүрээ хийдүүдээс үрэл, рашаан хүртэх боломжтой юм байна. Үүний зэрэгцээ нийслэлийн соёл урлагийн газраас олон сайхан үзэсгэлэн дэлгэгдэж, Гандантэгчилэн хийдийн ховор нандин шүтээнүүд үзэсгэлэнд тавигдах юм байна.

Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүн гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшидын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул дэлхий дахины сонирхлыг татдаг. Иймд Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж